Оросууд дунд сургуульд бэлгийн боловсрол олгохыг дэмжиж байна
2020-09-07

ОХУ-д дунд сургуулиудад бэлгийн боловсрол олгох хичээл оруулах санааг иргэд хэрхэн дэмжих талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар оросуудын ихэнх нь буюу 74,7 хувь нь бэлгийн боловсрол олгох хичээл заах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, санал асуулгад 4,2 мянган хүн оролцсоноос дөрөвний гурав нь хүүхдүүдтэй хүмүүс байсан гэнэ. Судалгаанд оролцогчдын 52 хувь нь эрчүүд, 48 хувь нь эмэгтэйчүүд, нийт оролцогчдын 60 гаруй хувь нь Москва болон нэг саяас дээш хүн амтай бусад хотуудынх байжээ.

 

Судалгаанд оролцогчдын 41,5 хувь нь хүний биеийн бүтэц, бэлгийн замаар дамждаг өвчин, жирэмслэлтээс хамгаалах талаар заах "бэлгийн боловсрол" олгох хичээл орохыг бүрэн дэмжсэн байна. Оролцогчдын 33,2 хувь нь дэмжих байх гэж хариулсан бол 11,6 хувь нь дэмжихгүй байх гэсэн хариулт өгчээ. Харин 7,3 хувь нь "бэлгийн боловсролыг сургууль дээр биш гэртээ олж авах ёстой" гэсэн хариулт сонгосон байна. 

 

Судалгаагаар, сурагчдад жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар хэн ярьж өгөх ёстой талаарх оролцогчдын саналыг сонссон байна. Оролцогчдын ихэнх нь буюу 65 хувь нь эдгээр аргуудыг тусгайлан урьсан эмч заах ёстой гэж үзсэн бол 37,1 хувь нь энэ талаар сургуулийн сэтгэлзүйч, 11,3 хувь нь багш нар заах ёстой гэж үзжээ. Харин эцэг эхчүүд ярих ёстой гэж үзэж байгаа хүмүүс 15,2 хувь, сүмийн төлөөлөгчид гэж үзсэн хүмүүс 3,3 хувь байсан байна.

 

Хүүхдийг ямар насанд нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон бэлгийн боловсролын талаар ярих хэрэгтэй талаарх асуултад 47,3 хувь нь 11-14 нас буюу 5-9 дүгээр анги гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин