ВИДЕО: Монгол бичгийн асуудлаар НҮБ байр сууриа илэрхийлэх ёстой
2020-09-07 17:42

Монгол Улсад оршин суугаа ӨМӨЗО-ны иргэд болон манай улсын иргэд босоо монгол бичгийн асуудлаар манай улс дахь НҮБ-д шаардлага хүргүүллээ.

 

Шашин судлаач Баянбат:

 

-Өвөр Монголд болж буй асуудлаар Монголын төрийн бус байгууллагууд нэгдэн НҮБ-д мэдэгдэл хүргүүлж байна. Энэ нь цөөнх үндэстний эрх ашгийг хамгаална гэж тунхаг бичгүүдэд бичигдсэн байдаг. Үүндээ байр сууриа илэрхийлээч ээ. Бидний нэг үндэстэн Өвөр Монгол дөрвөн хүний амь үрэгдлээ. Маш их хүнд асуудлууд хүүхдүүдийг сургууль соёлд явуулахгүй, зарим тохиолдолд 1500 юань өгч хүүхдүүдийг хичээлд нь явуулна гэх зэрэг асуудлууд байна. Энэ бүгдэд холбоотой яг, цус нэгт Монгол хүний хувьд элэг зүрх өвдөж байна.

 

НҮБ байр сууриа илэрхийлээч,  Хятад Улс жижиг үндэстнүүддээ хэт дарангуйллын шинжтэй хандаж байгаа нь Ар Монголчууд бидэнд таалагдсангүй. Олон төрийн бус байгууллагуудаас нэгдэж НҮБ-д бичиг өгч багаа гэлээ.

 

Монгол Улсын иргэн Цэрэн:

 

-Монгол Улсын иргэн хүний хувьд Өвөр Монгол ахан дүүсийнхээ тулгамдаад буй асуудалд онцгойлон ач холбогдол өгч үзлээ. Бид НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид албан бичиг, шаардлагыг хүргүүлж байна. Монголчууд өнө эртнээс уламжилж ирсэн өвгөдийн үлдээсэн өвөрмөц бичиг соёл уламжлалтай ард түмэн.

 

Хэдий туурга тусгаар улс ч гэсэн бидний хэл, үндэс угсаа нэг. Монгол ахан дүүсийн маань хэлийг сургалтын ажиллагаандаа явуулахгүй зөвхөн хятад хэлээр явуулах ажлыг бид эсэргүүцэх нь яалт ч үгүй зүйтэй. Энэ үндсэндээ НҮБ-аас ямар шаардлагуудыг хүсэж байгаа вэ гэхээр 1992 оны НҮБ-ын тунхаг бичигт “Үндэсний цөөнхөд харьяалагдах хүн бүр өөрийн соёлын ололтоос хүртэх, шашнаа шүтэх, шашны зан үйлээ гүйцэтгэх, өөрийн төрөлх хэлээрээ ямар ч ялгаваргүйгээр ярих эрхтэй. Эх хэлээ сурах, эх хэлнийхээ талаар зохих зааварчиллаа авах, зохистой боломж бүрдүүлэх” талаар заасан. Гэтэл НҮБ энэ зүйл заалтынхаа хяналт хэрэгжилтэд анхаарал, хяналтаа тавих үүрэгтэй. Үүнийг авч хянаж үзээч ээ.

 

Иргэний болон улс төрийн хүний эрхийн олон улсын пактад “Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно” гэх пакттай. Үүнд нэгдсэн бүх улс үндэстэнд хамааралтай гэв. 

 

-Өмнө нь та нар цуглан бичиг хүргүүлж байсан. Тэр бичгийн хариу ирсэн үү?

 

-Хятад улсын Элчин сайдын яаманд албан бичиг өгсөн. Одоогоор хариу ирээгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан бичиг өгсөн. Бас л хариу ирээгүй. Эдгээр гурван хүнээс албан ёсоор байр сууриа  илэрхийлсэн хүн одоог хүртэл алга.

 

Монгол Улс өнөөдөр туурга тусгаар улс, голомтод нь байгаа Монголчууд бид өнөөдөр эх хэл, соёлынхоо талаар дорвитой дуугарахгүй бол өөр хэн дуугарах вэ?! Тийм учир ахан дүүсийнхээ төлөө төрийн гурван өндөрлөгөөс албан ёсны байр сууриа илэрхийлээсэй гэсэн үндсэн дээр албан бичиг өгсөн боловч одоогоор ирээгүй байна. Энэ бол зөвхөн Өвөр Монголчуудад тулгамдаж буй асуудал биш Монголчууд цаашлаад энэ их хэл соёлоо авч үлдэх, өвлүүлэн үлдээх үүрэг хариуцлага бидэнд оногдож байна.

 

-НҮБ-д өгч буй хэд дэх удаагийн бичиг вэ?

 

-Монголчуудын зүгээс өгч буй хоёр дахь удаагийн бичиг. Гадаадад болон дотоодод байгаа монголчууд өвөр монголчуудаа дэмжиж байна. Зөвхөн Хятад улсын Элчин сайдын яамд биш НҮБ-д ч бас хандаасай гэж хүсье.

Э.Үүрийнцолмон

 

 

Shuud.mn
Сонин хачин