“Шаргалжуут” халуун рашааны орд газрыг төрийн хамгаалалтад авъя
2020-09-08 09:10

 

Эм тариа өвчинг нь намдаахаа больж эмчилгээгүй болсон олон мянган хүнийг эмчилж, амьдралын сайхныг мэдрэх өдөр хоногийг бэлэглэдэг Монголд төдийгүй анагаах чадвараараа дэлхийд тэргүүлдэг хамгийн эртний түүхтэй рашаан сувилал бол “Шаргалжуут” юм.  Түүнчлэн өвчиндөө шаналсан олон мянган ахмад настан төдийгүй тархины саажилттай хүүхдүүдийг эмчлээд зогсохгүй, 64 зүйлийн өвчнийг анагаах 108 төрлийн 300 гаруй рашаан булаг урсдаг цорын ганц сувилал билээ. Гэтэл тус сувиллын газарт санаархсан орон нутгийн хэсэг  удирдлагуудын шунал 2013 оноос цухалзаж, улмаар энэ асуудал саяхан дахин сөхөгдөж олон янзын шалтаг гарган сувиллыг хаалгаа барихад хүргэжээ. Энэ асуудлыг холбогдох хүмүүсээс нь тодруулахаар бид Улаанбаатар хотоос 650 километрт орших Баянхонгор аймгийн “Шаргалжуут” халуун рашааны орд газрыг зорилоо.

 

Биднийг очихоос өмнө Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ дарга  Т.Гантулгын томилж явуулсан   28 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг сувилалд шалгалт хийж рашааны ундарга багассан, гол бохирдуулсан, цэвэрлэх байгууламж муу гэсэн олон шалтаг тоочоод “Есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа зогсоохгүй бол олсон орлогыг нь улсын орлого болгоно” гэсэн тушаал буулгаад буцжээ. Ямар ч баримт нотолгоогүй энэ тушаалыг хэрэгжүүлэхийн тулд захиалгаа урьдчилж өгсөн сувилуулагчдаа хүлээж аваад энэ сарын 24-нд сувиллаа хаахаар болжээ. Сувиллыг хаах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд газар эзэмших гэрчилгээг сунгахгүй, газрын төлбөрөө төлөх гэхээр дансаа хаачихаад төлбөрийг нь хүлээж авахгүй, түүнчлэн төрийн хамгаалалтад авах хүсэлтийг нь ч одоог хүртэл хүлээж аваагүй байна. Өчнөөн мянган хүний эрүүл мэндийг золиослон сувиллыг хаалгаа барихад хүргэсэн хүмүүс чухам хэн бэ гэдэг нь олны анхаарлын төвд байна.

 

Энэ асуудлыг тодруулбал, хэсэг хүмүүс 2013 оноос сувиллын газарт хайгуул хийнэ, өрөмдөнө хэмээн дайрч эхэлжээ. Өрөмдлөг хийж ямар барилга барихаа тэд тодорхой хэлээгүй ч газрын гүний  дулааны цахилгаан станц байгуулах гэж байгаа гэсэн сураг дуулдсан аж. Эхний өрөмдлөгөөр рашааны ундарга муудаж, рашаан булаг ширгэж үгүй болох аюултай тул  сувиллын удирдлагууд өнөөг хүртэл тэдэнтэй тэмцэлдэж иржээ. Учир нь газрын гүний дулааны цахилгаан станц хоногт 700-800 мянган тонн ус хэрэглэж, цэвэр усыг бохирдуулж, хомсдолд оруулдаг.

 

Тухайлбал, Шинэ Зеландад ийм станц бариад долоо хоногт  10 гаруй мянган удаа газар хөдлөөд  үйл ажиллагааг  нь зогсоосон. Хэрэв станц баригдвал дан ганц рашаан ширгэх бус  Баянхонгор аймгийн байгаль орчинд асар хор хөнөөлтэй. Гэтэл Баянхонгор аймгийн удирдлага асан   Г.Батжаргал, Б.Батсуурь  нар  2018 оноос  сувиллыг хаалгахын төлөө дайрах болжээ. Тиймээс  энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулахгүй бол хэн нэгний хувийн ашиг хонжоогоор олон мянган иргэнийхээ амийг солиход хүрлээ. 

 

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖАА  260 ОРЧИМ САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСЧ САЙЖРУУЛЖЭЭ

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сувиллыг хаах шалтгаанаа гол бохирдуулсан, цэвэрлэх байгууламж муу, ундарга багассан хэмээн тайлбарлажээ. Гэтэл тус сувиллын газарт  “Шаргалжуут” рашаан сувиллаас гадна амралтын үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, зоогийн газар, дэлгүүр гэсэн  15 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ ААН-д орон нутгаас зөвшөөрөл олгодог. Гэтэл эдгээр байгууллагууд нь ариун цэврийн газар, цэвэрлэх байгууламж байхгүйн сацуу үйлчилгээндээ рашааны усыг ашиглаж, бохир усаа хаашаа хэрхэн урсгаж байгаа нь тодорхой бус байна. Эдгээр олон байгууллагынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй байж өөрийн гэсэн стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжтай сувиллын үйл ажиллагааг шүүмжилж, хаах тушаал буулгасан нь эртний түүхтэй, эмчилгээний зориулалттай рашаан сувиллаа хувийн ашиг хонжоогоор сольж байгаагийн илрэл юм. Тус сувиллыг 2014 онд Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Анх “Шаргалжуут”-ын 270 газрыг ашиглах зөвшөөрлийг олгосон боловч 30 га газрыг нь үлдээгээд үлдсэн 240 га газрыг нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар мэдэлдээ авч, 15 байгууллагад өмчлүүлж тэдгээр нь рашааны усыг хүссэнээрээ ашиглаж, бохир усаа гол руу шууд асгаж голыг бохирдоход хүргэжээ. Гэтэл өөрсдийн зөвшөөрөл олгосон энэ байгууллагуудад хариуцлага тооцохын оронд стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжтай, рашааны усыг эмчилгээнд зохих журмын дагуу ашиглаж, улс, орон нутагт олон сая төгрөгийн татвар төлдөг “Шаргалжуут” сувилалд нөхөн төлбөр ногдуулна, хаана хэмээн сүрдүүлж байгаагийн шалтгаан чухам юу вэ.

 

Бид “Шаргалжуут” халуун рашааны орд газрын цэвэрлэх байгууламжтай газар дээр нь очиж танилцсан. Цэвэрлэх байгууламж голоос 77 метрт байрлахын сацуу бохирдсон ус гол руу урссан зүйл байхгүй байв. Учир нь сувиллын удирдлагууд долоон жилд цэвэрлэх байгууламжийнхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал,  2013 онд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийж Германы “Becker” брэндийн агаар нөхөх насос болон мембран дифузоруудыг 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар угсаруулсан. Мөн 2014 онд гадна цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээх зориулалт бүхий хоёр ширхэг картыг 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн. Ингэснээр цэвэрлэх байгууламжийн ус гол руу урсаж голыг бохирдуулах ямар ч үндэслэл байхгүй, шууд хөрсөндөө шингэдэг. Харин 2015 онд цэвэрлэх байгууламжийн төмөр листэн танкуудыг бүрэн шинэчлэн  130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төмөр бетон танк барьж байгуулсан юм. Хамгийн сүүлд 2019 онд бохир усны дамжуулах станцын ажлын болон нөөц өргөх насосыг 12.4 сая төгрөгөөр шинэчилж холболтыг засварласан. Тэгэхээр бохир усаа гол руу цутгаж, гол бохирдуулж байна гэдэг тус сувиллыг хааж өөрсдийн ашиг хонжоог хэрэгжүүлэх үйл ажиллагааных нь шалтаг төдий зүйл гэдгийг нотолж байгаа юм.

 

Түүнчлэн сувиллаас гарч байгаа бохир ус химийн ямар ч найрлагагүй, ахуйн бохирдолтой ус байдаг.  Тодруулбал, бохир усны 70-80 хувийг байгалийн шавар ба эмчилгээнээс гарч байгаа рашаан эзэлдэг юм. Харин бусад ААН-үүд голыг бохирдуулж байгаа. Учир нь гол дагуу үйл ажиллагаа явуулдаг  зоогийн газар, дэлгүүр, зочид буудал гэсэн долоон байгууллага ариун цэврийн газаргүй. Тэд ахуйн бохирдлоо гол руу асгадаг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор эдгээр байгууллага, хувь хүмүүсийг ариун цэврийн байгууламжтай болгохын тулд өөрийн талбай дээр ариун цэврийн байгууламжийн суурь барьж, цэвэр бохир усны шугам хоолойн холболтыг хийхээр болж, байшингаа барихаар нь холболт хийж ашиглалтын ажлыг нь хариуцах  саналыг “Шаргалжуут” рашаан сувиллаас тавьжээ. 

 

Гэтэл дээрх байгууллагууд одоог хүртэл барилгаа бариагүй байна. Ямар ч цэвэрлэх байгууламж, ариун цэврийн өрөөгүй ААН-үүддээ хяналт тавихгүй байж өөрийн гэсэн зориулалтын цэвэрлэх байгууламжтай, сувилуулагчдын байрладаг өрөө бүр ариун цэврийн өрөөтэй сувиллыг хаахаар сүрдүүлж байгаа  хүмүүст яагаад  хэн ч хариуцлага тооцохгүй байна вэ.

 

Тэдний хэн хүссэнд нь газар ашиглах зөвшөөрөл олгож буй энэ үйлдэл нь сувиллыг эмчилгээний байгууллага биш зугаа цэнгэл, амралтын газар болгон хувиргаж улмаар сувилал ачааллаа дийлэхгүйд хүрэх вий. Баянхонгор аймгийн үе үеийн Засаг дарга нар “Шаргалжуут”-ыг аялал жуулчлалын бүс болгоно гэж ярьдаг. Гэтэл  “Шаргалжуут” бол гадаад, дотоодын олон мянган хүн хүлээж авдаг амралт, зугаа цэнгэлийн газар биш. Дотоодын иргэдээ байгалийн рашаанаар эмчилдэг, амьдрал бэлэглэдэг сувилал юм. Энэ талаар тус сувиллын захирал С.Чулуунцэцэг “Бид “Шаргалжуут” рашаан сувиллыг 2006 онд хувьчилж авсан. Ус, рашааныг хувьчилдаггүй учраас ашиглах зөвшөөрөл олгосон гэсэн үг.  Манайх ЭМЯ-ны харьяа эмчилгээний байгууллага. ЭМЯ эмнэлзүйн ач холбогдол, сувилуулагчдын байр, эмчилгээ, үйлчилгээний үр дүн, хоолны чанарт байнга шалгалт хийдэг. Тиймээс өргөтгөл хийж эмнэлгээ сайжруулж, хоолны заалаа томсгож сувилуулагчдынхаа ая тухтай байдлыг  сайжруулан ажиллаж байна. Нөөцийн тухайд долоон сая литр рашаан урсаж Шаргалжуутын голд нийлдэг. Энэ зун маш их гантай. Тиймээс байгалийн хуулийн дагуу зарим булаг шанд ширгэж, рашааны ундарга өмнөх жилүүдээс муудсан. Үүнтэй холбогдуулан хүнийхээ тоог багасга гэсэн. Гэтэл манайх аль болох олон хүн эмчлэхийг зорьдог. Түүнчлэн рашааны эмчилгээг тасалдуулж болдоггүй. Жилд хамгийн багадаа 1-2 удаа эмчлүүлэх ёстой байдаг. Сувилал хаагдчихвал сувилуулагчдын эмчилгээ тасарч, хэцүүдэх нь дээ” хэмээн ихэд санаа зовнин ярьсан юм.

 

“СУВИЛАЛ ХААГДВАЛ ХААНА ОЧИЖ ЭМЧЛҮҮЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА”

 

Тус сувилал эмчилгээний үр дүнг сайжруулах боломжийг эрэлхийлж  үйлчлүүлэгчдээ тохилог байранд байрлуулж, чанарын шаардлага хангасан зааланд шим тэжээллэг хоол хүнсээр хангахын төлөө жил бүр байраа засч сайжруулж, эмнэлгийн барилгаа өргөтгөж, усан сан, иог, спа гэсэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн байв. Энэ талаар Сувилуулагч, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Банзрагч “Шаргалжуут шиг байгалийн эрдсээр эмчилдэг газар маш ховор. Эмчилгээ, үйлчилгээ сайтай учраас хоёр дахь удаагаа зорьж ирлээ.  Өмнө нь рашааны орчныг цэвэр байгаа эсэхийг шалгахаар ирдэг байсан. Харин тэтгэвэрт гарснаас хойш сувилуулагч болж ирдэг боллоо.  Энэ сувилал орчноо хамгаалах, хог хаягдалгүй байлгах тал дээр маш сайн анхаарч ажилладаг газар. Энэ жил Баянхонгор гантай учраас зарим рашааны урсац муу байна. Гэхдээ байгаль орчны мэргэжилтний үүднээс харахад энэ нь сувилал ажиллуулж байгаа хүмүүсийн буруу биш, байгалийн үзэгдэл юм” гэж ярилаа.

 

“Шаргалжуут” халуун рашааны орд газрыг амралтын газар хэмээн харж, бусдын зугаа цэнгэлийн газар биш  олон мянган иргэдээ эмчилдэг рашаан сувиллаар авч үлдэхийн тулд төрийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй байна. Учир нь “Шаргалжуут бол ЭМЯ-наас магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй рашаан сувилал юм. Биднийг сувиллын эмнэлгээр зочлох үед сувилуулагчид хаагдах асуудал яригдаж эхэлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлээд хаахаар болвол эсэргүүцэн жагсана.  Энэ асуудалд төр тэр дундаа Эрүүл мэндийн яам нь анхаарлаа хандуулаачээ хэмээн хүсч байв.  Энэ талаар сувилуулагч Х.Оюундэлгэр “Би Орхон аймгаас ирээд хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байна. Эхний өдөр гэхэд бие хөнгөрөөд маш сайхан байна. Хэрэв энэ сувилал хаагдчихвал яах ёстойгоо, хаана очиж эмчлүүлэхээ мэдэхгүй юм. 2-3 жил тууштай явж байж эрүүл болно. Суугаа ирсэн хүүхэд  нь өөрөө алхаад рашаан руугаа очдог болсон гэсэн хүнтэй сая тааралдлаа. Ийм гайхамшигтай үйлчилгээ үзүүлдэг рашааныг хаахгүй гэдэгт итгэж байна. Энэ сувиллын эмчилгээг өөр сувиллын эмчилгээгээр үргэлжлүүлэх боломжгүй байдаг. Тиймээс төр, Засгийн газар нь иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх боломжоор бүрэн дүүрэн хангаж чаддаггүй юмаа гэхэд тогтмол очиж сувиллуулдаг ганц сувиллынх нь үйл ажиллагааг хэвийн явуулж өгөхийг хүсье” гэсэн юм.

 

Мэдрэл, зүрх, арьс, уушиг, үе мөч, элэг, бөөр, чихрийн шижин, харшил гэсэн олон өвчнийг 80-90 хувь эдгээдэг ач тустай рашааныг хаах нь энэ төрлийн өвчнөөр шаналж байгаа олон мянган хүний эмчилгээ тасалдаж, үхлийг ирмэг рүү түлхэж байгаа хэрэг юм.  Олон мянган иргэнээ аврах уу,  хэсэг хүний ашгийг бодох уу гэдгийг харах л үлдлээ. Энэ удаа Бид “Шаргалжуут” сувиллыг хаана хэмээн сүрдүүлсэн асуудлыг хөндлөө. Харин сувилал хаагдвал ямар эрсдэл бий болох талаар дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Shuud.mn
Сонин хачин