Япон: Олон нийтийн сүлжээнд буудлын зураг нийтэлбэл үнэгүй үйлчлүүлнэ
2020-09-08

Японы New Shohei зочид буудал зочид тухайн буудалд авсан гэрэл зургаа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн тохиолдолд үнэ төлбөргүй үйлчлүүлэх  санал тавьж байгаа талаар Sora News24 мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх зочид буудал нь Токио хотноо байх Шиммиши худпалдааны гудамж болон бусад алдартай дурсгалт газруудаас холгүй орших, Синзюку дүүрэгт байрладаг аж. Зочид чухамхүү энэ буудалд буусан гэдгээ зааж, гэрэл зураг нийтэлбэл тэдэнд дотроо угаалгын өрөөтэй, лаунж, агааржуулагч үнэгүй Wi-Fi сүлжээтэй өрөөнд үнэгүй байрлах боломжтой гэнэ.

 

"Манай улсад цар тахлын улмаас бизнес эрс унасан. Ямар ч зочидгүй өнгөрөөх өдрүүд ч бий. Тиймээс манай буудлын удирдлага өрөөнүүдэд үнэ төлбөргүй байрлуулах санал гаргасан юм. Үнэгүй үйлчилгээ авахын тулд чухамхүү манайд буусан гэдгээ зааж, буудал дотор авсан гэрэл зурагнуудаа олон нийтийн сүлжээнд байршуулахад л болно" хэмээн зочид буудлын төлөөлөгч ярьжээ. 

 

Ийнхүү гэрэл зураг байршуулж үнэ төлбөргүй үйлчилгээ авахын тулд заавал магтах шаардлагагүй гэнэ. Түүнчлэн зочид цахим ертөнцөд өөрийн байршлыг зарлахыг хүсэхгүй байгаа бол буудлаас гарсныхаа дараа ч постоо оруулж болох гэнэ. Гэхдээ үүний тулд зочид буудал руу цахим шуудан илгээн, олон нийтийн сүлжээнд пост оруулах хугацаагаа мэдээлэх ёстой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин