Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгааллын байрны орчин нөхцөлийг сайжрууллаа
2020-09-08 12:34

 

Швейцарийн хөгжлийн агентлаг,  Европын холбооны хамтарсан санхүүжилтээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах төслийг “Дэлхийн зөн Монгол “ОУБ хэрэгжүүлж байгаа.  Үүний хүрээнд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг засварлаж, орчин нөхцөлийг сайжруулсан аж.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Швейцарын хамтын ажиллагааны агентлагийн Консулын газрын дарга Стефан Бурри, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Пьер-Ив Лукас тус байрны засварын ажлын үр дүн болоод төвийн ажилтай танилцлаа.

 

Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд буй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Тус байранд байх хугацаанд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг гэв.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны 3-р улирлын байдлаар 648 хүүхэд үйлчлүүлжээ. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 71 хувь нь үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн шалтгаанаар хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин дуудлага өгч ирсэн гэлээ.

 

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 948 хүүхэд, 537 насанд хүрэгч аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд хамрагджээ.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
ggg:
хэрэгтэй газар. тохь, тухтай харагдаж байна
2020-09-08