Индонез: Амны хаалтгүй иргэдийг шарил зөөдөг машинд суулган шийтгэжээ
2020-09-08

Индонезийн Проболинго хотын эрх баригчид амны хаалт зайлшгүй зүүх журмыг зөрчсөн хүмүүстэй тэмцэх өвөрмөц арга туршиж эхэлсэн талаар The Jakarta Post сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эргүүл шалгалтын үеэр хотын нэгэн зах дээр амны хаалт зүүгээгүй 50 орчим хүнийг илрүүлжээ. Цар тахлын үед мөрдөгдөж буй журмыг зөрчсөн тэдэнд амны хаалт өгөхийн зэрэгцээ шийтгэл болгон коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчний улмаас нас барсан хүмүүсийн шарилыг зөөж байсан машинд суулган "амьдралын талаар бодож тунгаах"-ыг шаардсан байна. 

 

Энэ арга ямар үр дүнтэй байсан болон аюулгүй байдлыг хэр бодолцсон талаар эх сурвалж тодорхой мэдээлсэнгүй. Гэхдээ журам зөрчсөн зарим хүмүүст уламжлалт арга хэрэглэж байгаа бөгөөд тухайлбал амны хаалтгүйгээр хүмүүст үйлчилсэн лангууны эздийг гурван сарын хугацаанд худалдаа эрхлэхийг хоригложээ.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Индонезид 197 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 141 мянга нь эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчний улмаас 8130 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин