COVID-19: Их Британид ирэх даваа гаригаас дахин хязгаарлалт тогтооно
2020-09-09

Их Британид сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул тахлын хоёр дахь давалгаанаас зайлсхийх шаардлагатай гэж тус улсын эрх баригчид хэдэнтээ мэдэгдсэн. 

 

Улмаар вирусийн дэгдэлтийг хязгаарлах үүднээс даваа гарагаас эхлэн Их Британийн оршин суугчдыг гадаа, гэртээ, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх газар, уушийн болон зоогийн газруудад зургаагаас дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглохоор болсон байна. Хоригийг зөрчвөл 100 фунт стерлингээр торгож, давтан зөрчил гаргавал торгуулийн дүн 3200 фунт болон өсөх аж. 

 

Олноор нэг дор цугларахыг хориглосон энэ шийдвэр сургууль болон офисын ажилд хамааралгүй гэнэ. Түүнчлэн хүмүүс хоорондын зай баримталсан тохиолдолд хурим, оршуулгын ёслолыг хориглохгүй гэж Британийн Засгийн газар мэдэгджээ.

 

Өнгөрсөн даваа гаригт тус улсад 2,9 мянган халдварын тохиолдол илэрсэн нь тавдугаар сараас хойш бүртгэгдсэн хоногийн хамгийн өндөр өсөлт юм. Цар тахал эхэлснээс хойш  Их Британид нийтдээ  353 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 41,5 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин