Хоёр настнуудыг хэн асарч байна вэ
2020-09-09

 

Хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны сургууль үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Гэхдээ цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй шийдвэр гарсан. Учир нь хоёр  настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул байдаг тул халдварт өртөх эрсдэлтэй гэж үзжээ. Харин Хүүхэд харах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар гэсэн ч  одоо болтол шийдэгдээгүй байна. Хоёр настнуудыг хэн асарч байгаа талаар ээж, аав нарын сэтгэгдлийг сонслоо.

 

Баянгол дүүргийн иргэн н.Ариунзаяа:

 

-Хүүхдүүд маань хөл хорионы үед эмээ, өвөө дээрээ байсан. Хичээл сургууль эхлэх гээд хүүхдүүдээ авчирсан ч 2 настай хүүг маань цэцэрлэг авсангүй. Хөгшин настай ээж аавруугаа дахин явуулж ядраахын оронд өөрөө ажлаасаа гаран гэртээ хүүхдээ харж байна. Улсаас 2 настай хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд үнэгүй хамруулна гэсэн ч тэр нь худлаа болов бололтой.

 

Чингэлтэй дүүргийн иргэн н.Цэнгэлмаа:

 

-Төрснөөсөө хойш гэртээ хүүхдээ харан суудаг байсан. Охиноо 2 нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд ажилдаа орохоор төлөвлөсөн байсан ч covid19оо-с болоод цэцэрлэг аваагүй. Нөхрийн маань ээж өнгөрсөн жил тэтгэвртээ гарсан болохоор одоо охиныг маань харж өгч, би ажилдаа орсон.

 

Баянзүрх  дүүргийн иргэн О.Ганчөдөр:

 

-Манайх 4 хүүхэдтэй. Хамгийн бага нь ой, долоон сартай. Нэгэнт цэцэрлэг авахгүй. Эхнэр бид хоёр ажилтай болохоор сарын 700 мянган төгрөгөөр  хүүхэд асрагч хөлсөлдөг. 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ундрал:

 

-Манай хүү 2 настай. Улсын цэцэрлэгт оруулах гэсэн аваагүй. Одоо хувийн цэцэрлэгт сарын 250 мянган төгрөгийн төлбөр төлөөд явж байгаа.

 

Баянгол  дүүргийн иргэн Д.Уртнасан:

 

-Манай хүүхдийг одоо оюутан дүү маань харж өгч байгаа. 10 дугаар сард их сургуулиудын хичээл эхлэхээр хөдөө байдаг аав ээждээрээ хүргэж өгнө гэв.

  

П.Отгондалай

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Манай гэр бүлийн хувьд ч нөхцөл байдал адилхан амаргүй байна. Энэ цаг үеийн золиос нь бид болж байх шиг байна. Ямар тэнэг нь ийм шийдвэр гаргадаг байнаа үнэхээр бодоод бодоод олохгүзй байна.
2020-09-09