Т.Түмэнжаргал: Төр сургуулийн гал тогоог хариуцдаг болно
2020-09-10

 

ЕБС-ийн  сурагчдын “Үдийн цай” хөтөлбөр болоод дотуур байрны сурагчдын хоолны зардал бусад асуудлын талаар  БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргалтай ярилцлаа.

 

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардал, ЕБС-ийн дотуур байрын хүүхдүүдийн хоолны зардал, “Үдийн цай” хөтөлбөрийн төсөв нэмэгдсэн үү?

 

-Монгол Улсын Засгийн газрын “Хоолны  зардлын дундаж норматив батлах тухай” 2019 оны арванхоёрдугаар сард батлагдсан 450 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, үдийн цай, дотуур байрын хүүхдийн хоолны зардал мөрдөгдөж байгаа. Тодруулбал, ЕБС-ийн сурагчдын үдийн цайны зардал 600-900 төгрөг, өдрийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 1650- 2475 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400-3600 төгрөг, дотуур байрын хүүхдийн хоолны зардал 2315-3475 төгрөг болж нэмэгдсэн. Дунджаар  300-1200 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

 

-Тусгай сургуулийн  хүүхдийн хоолны зардал?

 

-Тусгай сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байсан.  2017 оны 167 тогтоолоор тусгай сургуулийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг болсон байгаа.

 

-2020-2021 оны хичээлийн жилд үдийн цайны зардалд хэдэн төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна вэ?

 

-2021 оны хичээлийн жил Үдийн цайны зардалд 54.2 тэрбум төгрөгийг  төсөвт тусгасан. Цаашдаа үдийн хоол болохоор нэг хүүхдэд ногдох хоолны зардал нэмэгдэнэ.

 

-ЕБС-ийн  сурагчдын үдийн цайтай холбоотой гомдлууд олон гардаг. Цар тахлын энэ үед  үдийн цайны чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй шим тэжээлтэй хоол хүнсээр хангах асуудалд ямар заавар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?

 

-Коронавирус цар тахлын энэ үед хэдий ерөнхий боловсролын сургуулийн сурагчид богиносгосон цагаар хичээллэж байгаа ч сургууль цэцэрлэгийн завсардалт олон сараар үргэлжилсэн учраас үдийн цай өгөхөөр болсон. Ингэхдээ анги танхимын ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол сайн хийх,  үдийн цайнд өгч байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн амин дэмээр баялаг байгалийн гаралтай жимсний шүүс, халуун ундааг түлхүү сонгож өгөх зөвлөмжийг манай яамны зүгээс өгсөн байгаа. Мөн сургуулиуд  болон сургуулиудын гал тогоог түрээслэгч аж ахуй нэгжүүд дотоод хяналтаа маш сайн тавьж ажиллах нь чухал.

 

-Түрээсээр үдийн цай өгч байгаа аж ахуй нэгжтэй холбоотой олон гомдол байдаг. Улсын хэмжээнд түрээсээр үдийн цайг өгч байгаа хэдэн аж ахуй нэгж байгаа вэ?

 

-Ерөнхий боловсролын сургуулийн 820 сургууль байдаг. Үүнээс төрийн өмчийн 662 сургууль байгаагаас нийслэлд 140 гаруй сургууль бий.  Энэ хичээлийн жилд 1-5 ангийн 366 мянган  гаруй хүүхэд суралцаж байна. Харин нийслэлийн 112  сургуулийн 122 гал тогоо түрээсээр ажиллаж байна. Орон нутагт түрээсээр ажилладаг байдал харьцангуй бага. Орон нутгийн 500 орчим сургуулиас 10 орчим хувь нь түрээсээр ажиллаж байгаа.

 

-Түрээсээр ажиллах аж ахуй нэгжийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

 

-Нийслэлийн Засаг даргын  харьяа, нийслэлийн өмчийн харилцааны газраас тендер зарлаж шалгаруулдаг. Шалгарсан аж ахуй нэгжтэй сургууль, нийслэлийн  өмчийн харилцааны газар гуравласан гэрээ байгуулдаг. Энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил дутагдал гаргасан , гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжүүдийн гэрээг сунгахгүй байх, хоол хүнсний хангамж, чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарах шаардлагатай чиглэлийг манай сайдын зүгээс өгсөн байгаа.

 

-2021 оноос “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” хөтөлбөр болж хэрэгжинэ гэсэн үү?

 

-2019 оны тавдугаар сард ЕБС-ийн хоол үйлдвэр үйлчилгээний хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго нь хүүхдийг өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээлд таарсан хоолоор нь хангах. Эрүүл мэндийн яамнаас хийсэн хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний 5 дугаар судалгаагаар   6-11 настай хүүхдийн  22.2 хувь нь илүүдэл жинтэй,  7.3 хувь нь өсөлт хоцролттой гарсан. Эдгээр эрүүл зөв хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглээгүйтэй холбоотой. Тиймээс манай улс хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан дээрх хуулийг баталсан чухал асуудал юм. Үдийн цай, үдийн хоолны ялгаа нь хоногт авах илчлэгийн хэмжээ өөр. Тодруулбал, үдийн цай хүүхдийн хоногт авах шим тэжээлийн 10-15 хувийг авч байгаа бол үдийн хоол нь 30-35 хувийг авна.  Хууль энэ есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.

 

Энэ хуулийг үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ хичээлийн жилд үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр олон ажил хийж байгаа. Тухайлбал, хүнсний хангамжийн тогтолцоог хэрхэн шийдвэрлэх. Хүүхдийн үдийн цайны түүхий эд бүтээгдэхүүнийг зарим нь гэрээт борлуулагчаас эсвэл худалдааны зах, дэлгүүр, хувь хүнээс худалдаж авдаг. Энэ нь эрсдэл дагуулдаг өөрөөр хэлбэл чанарын баталгаажилтгүй бүтээгдэхүүнээр хүүхдэд үйлчлэх тохиолдол гардаг. Мөн үдийн цайг бэлтгэж байгаа хоол хүнсийг буруу  хадгалах, технологийн горимыг баримталдаггүй, ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүй, дотоод хяналтаа тавьж ажиллаагүйгээс шалтгаалан хоол хүнсний хордлогот халдварууд гардаг.

 

Хуулийг хэрэгжүүлэх тухай 53 дугаар тогтоолын дагуу 2021 оны  есдүгээр сарын 01-нээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамруулна. 2022 оноос 6-9 ангийн сурагчид, 2023 оноос 10-12 ангийн сурагчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамрагдана гэсэн үг. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг үе  шаттай хэрэгжүүлснээр төр өөрөө сургуулийн гал тогоог хариуцаж ажиллуулдаг болно гэсэн үг. Тэгэхээр тэнд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, гал тогоог стандартын шаардлага хангуулах, хүнсний хангамжийн тогтолцоог шийдвэрлэх зэрэг олон ажлууд байна. Тиймээс бид бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд холбогдох төрийн төрийн бус байгууллага,  олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
toriin teneguud er emgui urjij baina aa:
za za tor gal togoog hurtel haruizdag boloh nee jorlong hezee hariuzdag boloh be
2020-09-10