Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдож гурван настай хүүхэд нас баржээ
2020-09-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ онхолджээ.

 

Ослын тухай дуудлагыг 09.09-ны өдрийн 09:19 цагт авч тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 09:54 цагт очиход А /3 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

 

Мөн иргэн Ж /28 настай, эмэгтэй/, Х /24 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Жолоочид орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин