COVID-19: Теннессийн их сургуулийн багш, оюутнууд хөл хорионд оржээ

АНУ-ын Теннессийн их сургуулийн 2100 гаруй оюутан, багш коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас хөл хорионд орсон талаар CNN агентлаг мэдээлжээ.
"Одоо манайд 2112 хүн хөл хорио буюу тусгаарлалтад байна. Тэднээс 1939 нь оюутан, оюутнуудын зарим хэсэг нь сургуулийн хотхоны нутаг дэвсгэр дээр, зарим нь нутаг дэвсгэрээс гадна тусгаарлалтад байгаа" хэмээн Теннесийн их сургуулийн ректор мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус сургуулийн оюутан болон багш нарын дунд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Одоогоор Теннессийн их сургуульд COVID-19 вирусийн халдварын 600 тохиолдол бүртгэгджээ.
Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тохиолдлоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 6,38 сая халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 191 мянган хүн амиа алдсан байна. Харин дэлхий даяар халдварын тохиолдол 27,6 саяд хүрч, 900 мянган хүн нас барсан бол 18,6 сая гаруй хүн эдгэрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ