Хүмүүс муур, нохойтой “амьд тоглоом” адил харьцдаг нь буруу

-Мууранд туслахаар 3.2 сая төгрөгийн хандив цугларсан-
Амьтны эрхийг хамгаалах болон мэс заслын аргаар нохой, муурны үржлийг зогсоох, төөрсөн, гэмтэл бэртэл авсан нохой мууранд эмнэлгийн тусламж үзүүлдэг “Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллагын гишүүн Э.Бүжинлхам, Т.Алтаншагай нартай залуустай ярилцлаа.
Э.Бүжинлхам: Тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүс өндөр хариуцлагатай байх ёстой
-Өнөөдрийн байдлаар хэчнээн нохой, мууранд спей хийлгэсэн бэ?
-Бид жилдээ 300 нохой, мууранд спей хийлгэхээр төлөвлөдөг.Одоогоор 1500 нохойг мууранд спей хийлгээд байгаа.
-Гэмтэл бэртэл авсан нохой, мууранд туслахад цахимаар хэр идэвхтэй оролцдог вэ?
-Тухайн муур, нохойноос хамаардаг. Өрөвдөлтэй, хэцүү байдалд орсон амьтад хандалт их авдаг. Жишээлбэл, саяхан Зайсангийн аманд хөхүүл, маш хүнд бэртэлтэй, зодуулсан муур олдсон. Фэйсбүүк групп дээр мянга гаруй хандалт авсан. Мууранд зориулж хандивийн мөнгө 3.2 сая төгрөг цугларсан.Харамсалтай нь эмчилгээ авах боломжгүй байсан учраас аварч чадаагүй. Цугларсан хандивыг эмчилгээний мөнгө хэрэгтэй байгаа нохой, мууранд зарцуулах зарчмаар ажилладаг.
-Мал эмнэлгүүд танайхыг хэр дэмжиж ажилладаг вэ?
-Мал эмнэлгүүд манайхыг мэддэг. Манайхтай хоёр гэрээт эмнэлэг байдаг. Гэмтэл бэртэл авсан муур, нохойд спей хийлгэхдээ очдог.
Т.Алтаншагай: Нэг удаа спей хийлгэх нь нохойны хувьд насан туршид нь хэрэгтэй
-Эзэнгүй том болсон нохой хэдий хугацаанд шинэ эзэндээ дасдаг вэ?
-Нас болон гудамжинд хэр удаан явснаасаа шалтгаалдаг. Гудамжинд удаан амьдарч, явдаг байсан нохой гэнэт шинэ орчин, нэг тогтсон газарт байхад дасах нь хоёроос гурван сар зарцуулдаг. Залуу, гөлөг бол илүү хурдан дасах магадлал өндөр байдаг.
-Хүмүүс тэжээж байсан нохойгоо ямар шалтгаанаар хаядаг бол?
-Хүүхдүүд гол төлөв нохой, мууртай болохыг хүсдэг. Харин эцэг эх нь тэдэнд чихэр, жимс авч өгч байгаатай адил ханддаг.Нохойг өвдөх үед нь эмчилгээний зардал төлөхгүй эсвэл харшилтай боллоо гэх мэт шалтгаанаар цахим хуудас дээр зар эхлээд оруулдаг . Удалгүй гэрээсээ гаргаад хаячихдаг. Хүмүүс нохой, муур тэжээхээр шийдсэн бол 10-15 жилийн турш хамт байх ёстой. Гэтэл амьд тоглоом авж байгаатай адил ханддаг. Мөн хээл авсан нохой, муурыг хаях нь элбэг.
-Нохойг хэдэн сартайгаас нь эхлэн тэжээхэд тохиромжтой байдаг вэ?
- Хүмүүс ихэвчлэн гөлгийг бор хоолонд орох үеэс нь эхлээд тэжээгээд эхэлдэг. Нохой, муурыг хоёр сартай байхаас нь тэжээх нь тохиромжтой. Энэ үеэс эхлээд хүнтэй харицаж, нийгэмшиж чаддаг.
-Гэр хорооллын айлууд спей хэр хүлээж авдаг вэ?
-Ихэнхдээ “амьтан зовоож, тамлаж байна, байгалийн жамаар нь байлгана” гэж хэлдэг.Нохойны ороо жилдээ хоёр удаа орно, ихэвчлэн охин гөлөг гаргадаг. Спей нь нэг их хүнд зүйл бол биш, олгой авахдаа л адил зүйл.
-Нохой буудлагыг яаж хүлээж авдаг вэ?
-Мэдээж эсэргүүцдэг. Өнөөгийн байдлаар нохой буудлагын оронд спей хийнэ гэвэл боломж байхгүй. Ноход ихэвчлэн орооны үеэр сүрэглэж, зэрлэгшдэг. Энэ үеэрээ хүн рүү дайрах нь элбэг, догшин авиртай болчихдог. Энэ үеэр нохой буудлага явахаас өөр аргаггүй. Харин буудлагын зэрэгцээ спейг давхар хийвэл илүү үр дүнтэй.
-Спей хийлгэхэд үнэ өртгийн хувьд мөн хэдэн сартайгаас нь хийлгэх тохиромжтой вэ?
-Нохойны жингээс хамаардаг. Дунджаар 120-150 мянга орчим болдог. Эм нохой, муур хоёр кг дээш, эр нохой муур зургаагаас найман сартай байхад хийлгэвэл тохиромжтой. Нэг удаа спей хийлгэх нь нохойны хувьд насан туршид нь хэрэгтэй. Нохойны ороо орох үеэр олон ноход шавахгүй, эзэнгүй,гудамжны нохой байхгүй болох ашиг тустай юм.
Бид есдүгээр сарын 20 хүртэл “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ хамтран “Хашаандаа жаргалтай азтай савар” нөлөөллийн аян зохион байгуулна. Энэхүү аянаар хашаандаа нохой тэжээдэг айлуудад нохойны үүр, хоол яаж өгөх, хэрхэн тэжээх талаар хийгдэнэ.
Б.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ