Л.Мөнхтүшиг: Франкфуртаас ирэх 15 хүний зардлыг тусгай сангаас олгоно
2020-09-10
Гэрэл зургийг MPA.mn 

 

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчилна 

 

ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар:  

 

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И  энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчлал хийхээр болж байна.

 

Айлчлалын үеэр хоёр улсын гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхана.

 

Айлчлалын гол зорилго нь хамтын ажиллагааг урагшлуулах, цар тахлын энэ үед худалдаа эдийн засагт  үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад энэ уулзалт, яриа хэлэлцээр үр дүн авчрах ёстой.  Мөн хоёр улсын өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдахад айлчлалын гол зорилго оршиж байгаа.

 

Цар тахал дэгдсэнээс хойш хоёрдугаар сарын сүүлээр Монгол Улсын ерөнхийлөгч, БНХАУ-д айлчилж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, улсдаа сэтгэл санааны болон бусад чиглэлийн дэмжлэг туслалцааг үзүүлсэн. Энэ нь хөрш орны харилцаанд түлхэц болсон арга хэмжээ болсон.

 

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орнуудын хувьд  Монгол БНХАУ-ын хооронд дээд өндөр түвшний харилцан айчлал тогтмол хэрэгжүүлдэг.

 

Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар хамгааллын горимыг хатуу сахиж айлчлалтай холбогдох арга хэмжээнд цөөн хүн оролцуулах чиглэлээр зохицуулалт хийж байгаа.

 

Айлчлалын гол үр дүнгийн талаар та бүхэн сонирхох байх. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засагт гарсан ахицыг бататгана. Мөн эдийн  засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, урагшлуулах шаардлагууд байна. БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Мах болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах, хилийн боомтын нэвтрэх чадамжийг дээшлүүлэх зэрэг асуудлуудаар ярина. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

 

-Айлчлалыг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулна. Айлчлал эхлэхээс 24-72 цагийн өмнө айлчлалд оролцох Монголын талын бүх хүмүүст шинжилгээ хийнэ. Мөн БНХАУ-аас ирж байгаа төлөөлөгчдөд мөн түргэвчилсэн шинжилгээ хийнэ. Шинжилгээг хурдан хугацаанд 6-8 цагийн хугацаанд хариу гаргахаар төлөвлөж шинжилгээний материалаа бэлдсэн. Айлчлалын үеэр уулзалт хийх танхим, хоол идэх заал, хүн хоорондын баримтлах зай зэрэг бүхий л үйл ажиллагааг зохицуулсан. ЗӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийнэ. Айлчлалын төлөөлөгчдийн байрлах байрыг ирэхээс нь өмнө, айлчлаад буцсаны дараа нь халдваргүйжүүлнэ. Айлчлал дууссаны дараа айлчлалд оролцсон, харилцсан бүх хүнийг мөрдөгдөж буй журмаар 14 хоног тусгаарлана гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Тусгай үүргийн нислэгт багтсан ч билетээ авч чадаагүй 142 хүн бий 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчалын үеэр эдийн засгийн хэд хэдэн төсөл дээр ахиц гаргана гэж байгаа. Ямар ямар төсөл вэ?

 

ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар:  

 

-Эдийн засгийн чиглэлээр ярилцах хуримтлагдсан асуудлууд байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа. Мах болон бусад бүтээгдэхүүний экспортыг сайжруулах асуудал яригдана. Зарим хойшилсон, түр хүлээгдэж байгаа төсөл хөтөлбөрийн талаар яригдана. 

 

-Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хилийн чанадад байгаа иргэдийн татан авалтад 300 сая төгрөг шийдвэрлэнэ гэж байсан. Үүний судалгаа ямар шатанд байгаа вэ?

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

 

-УОК-т иргэд аж ахуй нэгжээс төвлөрсөн хандивын хөрөнгөөс цар тахлын эсрэг нэг удаагийн хуулийн холбогдох заалтын дагуу Гадаад харилцааны сайдаас УОК-ын талд хүсэлт хүргүүлсэн байсан. Үүний дагуу 300 сая төгрөг шийдэгдсэн. Энэ хөрөнгийг зорилтот бүлгийн, нэн шаардлагатай иргэнээ онож өгөх асуудалд ГХЯ-наас Элчин сайдын яамтай хамтраад ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар хэдийгээр нэр нь тусгай үүргийн нислэгт орсон боловч санхүүгийн боломжгүй улмаас билетээ авч чадаагүй 142 хүн байгаа. Есдүгээр сарын 14-нд Франкфуртаас ирэх нислэгт  15 хүний зардлыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар  хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангаас олгох шийдвэрийг гаргасан. ОУШХБ-тай өнгөрсөн  дөрөвдүгээр сараас хойш хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Прага нислэгийг оролцуулаад нийт 215 хүнийг нислэгийн зардал болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Цаашид хамтарч ажиллахаар ярилцаад эхний ээлжинд 80-аад хүнд туслах шийдвэр гаргаснаа ОУШХБ-наас мэдэгдлээ. Тиймээс УОК-оос олгосон 300 сая төгрөг болон ОУШХБ-тай хамтраад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй олон иргэнд тусламжийг хамтран хүргэх зарчим баримталж байгаа. Иргэдэд туслах сангаас олгож байгаа хөрөнгөд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх бүх шаардлагыг хангаж байгаа. Энэ мэдээллийг Элчин сайдын яамдаараа дамжуулж иргэдэд хүргүүлсэн. Мөн  монголд байгаа гэр бүлд нь энэ мэдээллийг хүргэж шаардлагатай материалыг бүрэн хангасны үндсэнд шийдвэрлэнэ. Миний дурдсан 15 хүний асуудлыг энэ горимоор шийдвэрлээд явж байгаа. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Тэд Монгол хүний эрх зөрчдэг гээд Европ руу цагаачилсан байдаг.
2020-09-10
bi:
hen toroor daalgaad hen n or zeel tavij ireh yostoi um bna. shudarga yos haana bna
2020-09-10