Өвөр Байгалд орчин үеийн Робин Гүд баривчлагджээ
2020-09-10

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Приаргунск сууринд нэгэн хачирхалтай хэрэг гарсан талаар Вести мэдээлжээ.

 

Тодруулбал, цагдаагийн ажилтнууд 23 настай эрийг мөнгө хулгайлсан хэргээр баривчилсан байна. Тэрбээр суурингийн нэгэн дэлгүүрээс 800 мянган рубль /монгол мөнгөөр 27,6 сая төгрөг/ бүхий сейф хулгайлжээ. Гэхдээ тэр энэ мөнгийг өөртөө авсангүй, бараг ихэнхийг нь гуйлга гуйж байсан хүмүүст тараан өгсөн бол үлдсэн хэсгийг хандивын хайрцгуудад хийсэн гэнэ. Баривчлагдсан этгээд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд гэм буруугаа хүлээжээ. 

 

Энд дуулгахад, Робин Гүд шиг авирласан хачирхалтай хэргүүд үе үе гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Америкийн Колорадо мужийн Колорадо-Спрингс хотод хижээл насны эр банк дээрэмдэснийхээ дараа гадагш гүйн гарч, "Зул сарын мэнд хүргэе!" хэмээн хашгиран, мөнгө цацсан байна. 

 

Үйл явдлыг харсан гэрчүүдийн өгүүлснээр, "зул сарын шидтэн" мөнгө цацсаныхаа дараа ойролцоох кафед орж, цагдаагийнхныг хүлээсэн бөгөөд цагдаагийнхан ирсний дараа огт эсэргүүцэл үзүүлэлгүй, баривчлагджээ. Түүнийг баривчлах үед ямар ч зэвсэг илрээгүй гэнэ. Харин мөнгө цацах үеэр гудамжинд байсан хүмүүс мөнгийг цуглуулан, банкны кассанд тушаасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин