М.Энх-Амар: Цэргийн алба хаагчид руу чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ
2020-09-10

 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

 

 

Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн  штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, тус газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг нарын албаны хүмүүс оролцсон юм.  

 


Бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн бүрэлдэхүүний дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Бид бүхэн тэдгээр залуучуудыг зөвхөн цэргийн албаных нь талаас хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Гэхдээ цаашдаа хувь хүний суурь хүмүүжил талаас нь, залуу хүн талаас нь, сэтгэл зүйн төлөвшил талаас, нийгмийн талаас нь гээд цогц байдлаар харж ажиллах зайлшгүй шаардлага байна. Шаардлага байгаа учир мэргэжлийн байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүлж байна.  Бидний хамтын ажиллагааны гол зорилго нь албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх үүрэг, хариуцлагаас нь гадна нийгэмд зөв үлгэрлэл үзүүлсэн залуучууд байх, нийгмийн идэвхтэй гишүүн байх, сайн хань, сайн эцэг, эх байх талаас нь уулзалт, ярилцлагуудыг тасралтгүй зохион байгуулна” гэв.

 

 

М.Энх-Амар “Их чухал арга хэмжээ болж байна. Олон цэрэг дайчдыг хариуцаж ажилладаг Хуурай замын цэргийн командлал хэмээх том байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Зэвсэгт хүчин өнөөдөр залуучуудаар хүрээлүүлсэн том салбар. Залуучууд хаана их байна тэнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхдүүдийнх нь хүмүүжил төлөвшилт, хариуцлагатай эцэг, эх байх тухай сэдэв мөнхийн дагаж байдаг учраас энэ чиглэл рүү хамтран ажиллана. Бид бүхэн Зэвсэгт хүчин рүү чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөлөл, хөгжлийн асуудлыг нийслэл, дүүргүүд, аймаг орон нутаг дахь салбар байгууллагаараа дамжуулан цогцоор нь авч явна. Түүнчлэн эх оронч үзэл хүмүүжилтэй эдгээр цэргийнхнийг бидний ирээдүй болсон залуу үе, хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэхэд нь хамтран ажиллахаар боллоо” гээд цаашдаа үндэсний хэмжээний энэхүү арга хэмжээг төрийн бодлогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжээд явах бололцоотой гэж харж байна гэлээ. Арга хэмжээний төгсгөлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин