Хүн төрөлхтөн БАЙГАЛИЙН ЭСРЭГ: Хагас зууны туршид зэрлэг амьтад эрс ховорджээ
2020-09-11

Сүүлийн хагас зууны туршид манай гариг дээрх зэрлэг амьтдын тоо гуравны хоёроор буурсан гэдэг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар тодорхой болжээ. Үүний буруутан нь мэдээж хүн. Хэт их хэрэглээ, ой мод тайрсан, онгон байгалийн нутаг руу халдан орсон, загас агнуур, фермер идэвхжсэн нь амьтад мөхөх гол шалтгаан. 

 

Хүн төрөлхтөн энэ байдлаа одоо л зогсоохгүй бол үр дагавар туйлын эмгэнэлтэй болно гэж илтгэлийн зохиогчид анхааруулж байгаа юм. Тэр дундаа коронавирус шиг амьтнаас хүнд дамжих өвчнүүд нэмэгдэнэ гэж сэрэмжлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хүн БАЙГАЛИЙН ЭСРЭГ ЗОГСВОЛ БАЙГАЛЬ ТҮҮНЭЭС ХАРИУГАА авах нь.

 

"Бид өөрсдийн ертөнцийг, бидний орон гэр гэж нэрлэдэг цорын ганц газраа хөнөөж байна. Бид эрүүл мэнд, аюулгүй байдал, энд, дэлхий дээр оршихуйгаараа эрсдэл тавьсаар. Одоо байгаль эргүүлэн бидэнд хариу өгч, гамшигийн дохио илгээж байгаа бол бидний цаг хугацаа ч дуусч байна" хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн тэргүүн Таня Стил өгүүлжээ. 

 

Энэ онд илтгэл зохиогчид үйл явдлыг цаашдын өрнөлийн загварчлалыг гаргасан бөгөөд энэ нь 2010 оны түвшинд биологийн олон янз байдлыг эргүүлэн аваачихын тулд дэлхий нийт авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүд юм.

 

Илтгэлд юу өгүүлэв?

 

"Амьд гариг 2020" илтгэлд дэлхий даяарх сээр нуруутны 4,4 мянган төрөл зүйлийн үржлийг судалсан олон арван шинжээчийн судалгаа багтжээ. Судлаачдын дүгнэснээр, 1970-2016 оны хоронд сүүн тэжээлтэн амьтан, хэвлээр явагч, загасны тоо 68 хувиар буурсан гэнэ. Харин хоёр жилийн өмнө Дэлхийн байгаль хамгаалах сангийн шинжээчид 60 хувь гэсэн тоо хэлж байв.

 

Эдгээр дундаас цэнгэг усны амьтад илүүтэй хорогдсон бөгөөд тэдний тоо толгой 84 хувиар буурчээ. Харин газарзүйн байрлалын хувьд Латин Америк, Карибын арлуудад илүүтэй хохирол бүртгэгдсэн байна. Энд 1970-аад онтой харьцуулахад 2016 онд амьтдын тоо 94 хувиар буурсан байжээ. Ихэвчлэн хэвлээр явагч, шувуу, газар уснаа явагч амьтад хорогдсон байна.

 

Илтгэлийн зохиогчдын нцолсноор хүний гар хүрээгүй хуурай газар дэлхий дээр ердөө 25 хувийг эзэлж байгаа аж. Энэхүү онгон зэрлэгээрээ байгаа газар нутаг нь Орос, Канад, Бразил, Австралид байгаа гэнэ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн илтгэлд амьтны тоо толгойтой холбоотой тодорхой тоон баримтуудыг оруулаагүй байна. Мөн устсан болон устахын ирмэг дээр байгаа амьтдын төрлийн тоо толгойн талаар мэдээлэл оруулаагүй бөгөөд илтгэлийн зохиогчид аливаа төрөл зүйлийн тоо толгой ихэссэн эсвэл багассан гэдгийг харуулдаг индекс ашиглажээ. 

 

Хүний үйл ажиллагаа

Идэвхтэй хөдөө аж ахуй амьтны тоо толгой буурах гол шалтгаануудын нэг гэж судлаачид үздэг. Манай гариг дээр амьтны тоо толгой буурч байгаа нь хүний үйл ажиллагаа байгальд асар их хор хохирол учруулдагийг баталж байна хэмээн шинжээчид цохон тэмдэглэжээ. 

 

"Бид хүнс хэрэглэж, хүнсний үйлдвэрлэл тасралтгүй явуулж байгаагаас үүдэн ой мод устгаж, амьтдын идээших орчин алдагдаж байна. Энэ бол амьтны тоо толгой эрс буурах үндсэн шалтгаан" гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн ой судлах, хамгаалах хэлтсийн тэргүүн Фрэн Прайс Reuters агентлагт ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, халуун орнуудад дал модны тос, буурцагны бүтээгдэхүүн болон гахайн махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь онгон байгальд асар их хор хохирол учруулж байгаа гэнэ. 2019 онд авсан хиймэл дагуулын зураг дээр Амазонын ойд ердөө ганцхан минутын дотор хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ойг модыг бүхэлд нь устгаж байгаа нь дүрслэгдсэн байв. Энэ байдлаараа цааш үргэлжилвэл онгон байгаль, эко систем мөхөж, улмаар хүн өөрөө амьдрах боломжгүй болно гэдгийг судлаачид анхааруулжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн төрөлхтөн нэг л зүйлийн төлөө байгаль эхээ хорлон сүйтгэж байна. Тэр бол мөнгө юм.
2020-09-11