Путин дипломатынхаа өмнөөс Сербийн Ерөнхийлөгчөөс уучлалт гуйжээ
2020-09-11


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова олон нийтийн сүлжээнд таагүй пост оруулсан нь дипломат дуулиан үүсгээд байв.

 

Үүний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Мария Захаровагийн өмнөөс уучлалт гуйсан гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичи  RTS сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 

 

"Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өмнө нь хэзээ ч ямар нэгэн асуудлаас болж  надаас уучлалт гуйж байгаагүй. Харин энэ асуудлаас /shuud.mn: Захаровагийн пост/ болж хоёулаа уучлалт гуйсан. Гэхдээ би тэр постны талаар огт яриагүй байсан юм " хэмээн Вучич өгүүлжээ. 

 

Мөн Захаровагийн посттой холбоотой асуудал түүний хувьд ач холбогдолгүй, учир нь Сербид ч Оросын талаар "дэмий ярьдаг" хүмүүс байдаг ч тэд уучлалт гуйдаггүй хэмээн Вучич онцолжээ. Харин Оросын эрх баригчдын гаргасан үйлдэл нь Орос орон Серби болон түүнийг хэрхэн хүндэлдгийг харуулсан хэрэг хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, пүрэв гаригт хоёр орны ерөнхийлөгч Захаровагийн Фейсбүүк дэх постноос үүдэлтэй дипломат дуулианы дараа анх удаа утсаар холбогдож ярилцжээ. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн долоо хоногт Вучич Дональд Трамптай Цагаан ордонд уулзах үеийн гэрэл зургийг фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Гэрэл зураг дээр Дональд Трамп ширээний ард суух бол түүний өөдөөс хараад, өрөөний голд Вучич сандал дээр суух аж. Энэ зурган дээрээ Шэрон Стоун тоглодог "Үндсэн инстинкт" киноны кадрыг оруулж, "Таныг Цагаан ордон руу дуудаж, сандлыг яг таныг байцаах гэж байгаа мэтээр байрлуулсан байвал 2 дахь гэрэл зураг дээрх шиг суугаарай" хэмээн бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
serbiin eronhiilogch uhaantai hyndee
2020-09-11
Үнэн үг:
Зөв л пост оруулсан байна шүү дээ.
2020-09-11