Хэрэглээнээс гараагүй нийлэг УУТ хэрэгжээгүй ТОГТООЛ
7 өдөр

 

Нийлэг уут хэрэглэхгүй байх захирамж, тогтоол гарсны дараа хэд хоногийн хугацаанд хэрэгжээд өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийлэг уутны хэрэглээ ямар байгаа талаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.

 

Захын гадна талбайд жижиглэн худалдаа эрхлэгчид зарж буй бүх бараагаа цэнхэр, улаан судалтай уутанд хийж өгч харагдана. Нийлэг уутны хор хөнөөл бидний хажууд чимээгүй оршиж байдаг талаар хүмүүс тэр бүр мэддэггүй.

 

Гялгар уут хөрсөнд шингэхдээ 500-аас дээш жил болдог. Мөн хар тугалга хайлуулж, химийн бодисоор хийдэг. Мөн гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийхэд урвалд орж, бензол, формальдегид зэрэг органик уусгагч бодис ялгаруулдаг. Хар тугалга хүний цусанд хуримтлагдсанаар бүх төрлийн хорт хавдар үүсэх үндэс болдог.  Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл нэмэгдээд байгаа билээ.

 

 

Даавуун уут болон, гялгар уут зарж зогсох эмээгээс хүмүүс өдөрт хэр их хэмжээний уут авдаг болох талаар асуухад “Даавуун том уут бараг зарагддаггүй, 10-ийн тор, цэнхэр, улаан судалтай уутнаас их авдаг ” хэмээн ярьсан юм. Цаашилбал хоолны газрууд ч мөн адил ширхгийн хоолыг нийлэг уутанд хийж өгч байв.

 

"Бөмбөгөр" худалдааны төвөөр ороход лангуу бүрт нийлэг, нэг удаагийн хальсан уут өлгөсөн байгаа харагдана. Гялгар уутыг бөөндөн зардаг худалдагчаас “Нэг удаагийн нийлэг, хальсан уутыг хориглох тогтоол гарсан энэ талаар хэр хэрэгжиж байгаа талаар лавлахад “ Гурван сард гялгар уут заруулахгүй гэсэн шаардлага нэг хэсэг явсан ч арван хоног л хэрэгжсэн байх, одоогоор хууль, тогтоолыг авч хэрэгжүүлж байгаа иргэн ч байхгүй, зарахгүй байгаа газар ч байхгүй” гэх хариултыг өгөв.

 

Махны лангуун дээр очиход худалдаачид жинлэж тавьсан махаа хурдхан гэгчийн цэнхэр судалтай уутанд хийж амыг нь зангидаж, худалдан авч байгаа хүнд өгнө. Бүх лангуу дээр энэ байдал давтагдах ба нийлэг уутны тухай гаргасан тогтоолыг тоох хүн байсангүй. Цэнхэр өнгийн судалтай уут, 10-ын торонд  хийсэн бараагаа авч алхах хүмүүс хаа сайгүй, даавуун ууттай хүн ганц хоёр байгаа харагдана. Иргэдээс нийлэг уутыг хэрэглэх нь зөв эсэх талаар асуулаа. 

 

А.Болор: /Чингэлтэй дүүргийн иргэн/

 

-Уул нь гялгар уутны хэрэглээг бүр мөсөн орхиж чадах юм бол бидний хүүхэд, үр хойчид маань хэрэгтэй. Манай гэр бүлийн хувьд нэг хэсэг даавуун уут хэрэглэдэг байж байгаад,даавуун уут тэр бүр олдоод байдаггүй, хаа сайгүй гялгар уут зардаг болохоор байгаагаас нь аваад хэрэглэж байна.

 

Х.Жаргал: /Сүхбаатар дүүргийн иргэн/

 

-Даавуун уут бидний эргэн тойронд гялгар уут зардаг шиг их хэмжээтэй байвал хүмүүс авах байхаа. Даанч бараа авах болгонд гялгар уутанд хийгээд л өгдөг. Хааяа би даавуун тортой явдаг. Хүнд ачаатай үед ч өргөхөд амар” хэмээн ярьсан юм.

 

0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут, хүнсний скоч хэрэглэхийг зөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар зах худалдааны төвүүдэд тус шаардлагыг  авч хэрэгжүүлээгүй байлаа.

 

Даавуун уутыг  бид өдөр тутамдаа хэрэглэснээр бидний эрүүл мэнд болоод мөнгөнд  хэмнэлттэй юм. Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тогтоол гараад хэдэн сар болсон хэдий ч Монголын хууль гурав хоног хэрэгжсэнийг өнөөдрийн худалдааны аль ч цэг, төвөөс харж болно. 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард иргэд, хүүхэд залуучуудынхаа хуванцар сав баглаа боодлын хор нөлөөний талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж чадахгүй байгаа Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны болон Эрүүл мэндийн яамны сайд бүрэлдэхүүнийг бүрэн өөрчлөхгүй бол хичнээн ч хууль гаргаад нэмэргүй.
2020-09-14
Хэрэгжихгүй хууль гаргах юм.Эсвэл хууль гарсан ч хэрэгжүүлэхгүй юм. ХЭрэглэсэн гялгар уутыг цуглуулж авч хоёрдогч түүхий эд болгон бүтээгдэхүүн болгох арга бодох хэрэгтэй.
2020-09-14