COVID-19: Францад өдөрт 10 мянган тохиолдол нэмэгдэж, Израиль бүрэн хөл хорио тогтоов
2020-09-14

 

Европт коронавирусийн халдвар авсан хүний тоо өссөөр байна. Тэр дундаа Франц улс коронавирусийн шинэ тохиолдлын тоо эрс өссөн талаар мэдээлсэн бол Испани, Чехид халдвар дахин нэмэгдсээр байгаа юм. Харин Израилийн эрх баригчид улс орон даяараа хөл хорио  тогтоосон талаар ВВС мэдээллээ. 

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо хэдийнэ 28,9 сая гаруй болж, 19,5 сая хүн эдгэрч, 922 мянган хүн нас баржээ. 

 

Бямба гаригт Францад ердөө ганцхан хоногт 10561 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэн бөгөөд урд өдөр нь бүртгэгдсэнээс 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Түүнчлэн COVID-19 оноштойгоор эмнэлэгт хүргэгдэх болон сэхээн амьдруулах тасагт хэвтэх өвчтөнүүдийн тоо ч өсчээ. Үүнтэй холбоотойгоор Францын нэр хүнд бүхий эмч нар иргэдэд хандан уулзалт, олноор цугларахаас зайлсхийхийг уриалсан байна.

 

"Зуны зугаатай өдрүүд өнгөрч, анхаарал болгоомжтой байх үе эргэн ирлээ. Байр сууц жижиг, тэнд байх хүмүүс олон байх тусам доторх агаар багасч, халдвар авах эрсдэл өндөр байна" хэмээн мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Долдугаар сараас эхлэн бүхий л насныхны дунд халдварын түвшин өсч байгаа ч ялангуяа залуусын дунд халдварын өсөлт илүүтэй ажиглагдаж байгаа хэмээн Францын эрх баригчид онцолсон байна. ВВС агентлагийн мэдээлснээр, дэлхий даяар гуравдугаар сараас эхлэн тавьсан хатуу хөл хориог сулруулж эхлэхтэй зэрэгцэн халдварын тоо аажмаар өсч, наймдугаар сард эрс өсөлт бүртгэгдсэн аж.

 

Францын эрх баригчид 42 бүс нутгийг вирус идэвхтэй тархаж буй "улаан бүс" хэмээн зарлаж, эдгээр бүс нутгуудад амны хаалт зүүх, олон нийтээр цуглахад хатуу шаардлага тавьсан байна. Улаан бүсэд Парис, Лион болон Францын Газрын дундад тэнгисийн эрэг бүхэлдээ багтжээ.

 

Европын бусад орнууд дахь нөхцөл байдал

 

Франц төдийгүй Европын бусад орнуудад ч халдварын тоо өссөөр байна. Тухайлбал, ням гаригт Чех улсад сүүлийн гурав хоногт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ням гаригт 1541 тохиолдол шинээр илэрчээ. Улмаар хөрш орнууд нь Чехээс ирэх зорчигчдод хязгаарлалт тавьж, харин Герман улс лхагва гаригаас эхлэн Чехийн нийслэл Праг хотоос ирж буй бүх хүнээс коронавирусийн шинжилгээ шаардахаар болсон байна.

 

Халдварын тоогоор хамгийн их байгаа орнуудын нэг болох Испанид өнгөрсөн пүрэв гаригт өдөрт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яам нөхцөл байдал тогтворжиж байгаа хэмээн мэдээлсэн ч пүрэв гаригт 10764 тохиолдол шинээр илэрчээ. Испани улс Европ тивд халдвар хамгийн өндөртэй улс хэвээр байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 566.3 мянган хүн халдвар авч, 29,7 мянган хүн коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас баржээ. 

 

Британид өнгөрсөн амралтын өдрүүдэд шинээр илэрсэн халдварын тохиолдол 4000-ыг давж, тус улсад дахин хүмүүсийг олноор цугларахыг хоригложээ. Одоо Англи болон Шотланд улсад зургаагаас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон байна. 

 

Израиль улсад коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс тус улсын Засгийн газар ирэх баасан гаригаас гурван долоо хоногийн хөл хорио тогтоохоор болжээ. Есөн сая орчим хүн амтай Израильд сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 4000 хүрч байгаагийн улмаас ийнхүү хөл хорио тогтоохоор болсон байна. Ингэснээр, Израиль улс нутаг дэвсгэр дээрээ хөл хорионы арга хэмжээг бүрэн сэргээж буй дэлхийн анхны улс болж байгаа юм. Тус улс дэлхий даяар цар тахлын эхний давалгаа гарч байх үеэр буюу гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын эхэн хүртэл хөл хорио тогтоож байлаа. 

 

Израильд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

 

  • Байр сууцанд нэг дор 10-аас илүү, гадаа 20-иос илүү хүн цуглаж болохгүй.
  • Дунд сургуулиуд болон худалдааны төвүүдийг хаана. 
  • Оршин суугчид зөвхөн ажилдаа явахын тулд гэрээсээ 500 метр зайд л зорчиж болно. 
  • Хувийн хэвшлийн байгууллагууд болон компаниуд хэвийн ажиллаж болох ч үйлчлүүлэгчид хүлээн авч болохгүй. 
  • Супермаркет болон эмийн сангууд хэвийн ажиллана. 

Халдварын тоо эрс өсч, түүнчлэн шашны гол баяруудыг тун удахгүй тэмдэглэх тул сүсэгтэнүүдийн дунд коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй гэж үзсэний улмаас дээрх шийдвэрүүдийг гаргасан байна. Тус улсад ирэх баасан гаригт еврейн шинэ жилийн баяр тэмдэглэх бол есдүгээр сарын 27-ны өдөр Йом-кипур баяр тохиох аж.

 

Хөл хориог эсэргүүцсэн хүмүүс баривчлагдав

 

Австралийн Мельбурн хотноо Виктори мужид хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарч болохгүй гэсэн хөл хориог эсэргүүцсэн жагсаалд оролцсон 70 гаруй хүн баривчлагджээ. Энэ жагсаалд 250 орчим хүн оролцсон бөгөөд жагсагчид түрэмгий авир гарган, хүчний байгууллагын ажилтнуудыг сүрдүүлсэн тул зарим хүнийг баривчилсан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна.

 

Австралийн Виктори мужид долдугаар сарын эхнээс хөл хорио тогтоосон. Энэ муж Австрали дахь халдварын голомт болсон бөгөөд тус улсад халдвар авсан нийт хүмүүсийн 75 хувь нь Виктори мужийн оршин суугчид байжээ. Түүнчлэн нас баралтын 95 хувь нь мөн л энэ мужид бүртгэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин