Орост флотод анх удаа эмэгтэй экипаж байгуулагджээ
2020-09-14

Орост Хар тэнгисийн флотод анх удаа эргүүлийн онгоцны эмэгтэйчүүдээс бүрдсэн экипаж байгуулжээ. Энэ экипажийг байгуулах туршилт амжилттай болсон гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй цэргийн алба хаагчид цэргийн эрчимжүүлсэн ерөнхий бэлтгэлийн курс төгсөн, онгоцны ахлагч, моторчин-цахилгаанчин, жолоодогч-дохио өгөгч мэргэжил эзэмшсэн бөгөөд онгоцыг далайд гарган, аюулгүй жолоодож суран гэнэ. Түүнчлэн тэд гранат шидэх, зэвсэг ашиглах бэлтгэлд хамрагджээ.

 

Энд дуулгахад, өмнө нь Оросын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд цэргийн нисгэгчийн сургалтад сууж, нисэх хүчний аль ч төрөлд алба хаах боломжтой болсон юм. Түүнчлэн "Роскосмос" задгай сансарт гаргах эмэгтэй сансрын нисэгчдийн отряд байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Тус улсад ийнхүү эмэгтэйчүүд эрхэлж болох цэргийн үүрэг нэмэгдсэн ч нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд ажиллаж болохгүй албан тушаалууд ч бий. Тухайлбал, 2017 онд Орост Батлан хамгаалах яамны нууц тушаалаар Оросын эмэгтэйчүүдийг буудагч, мэргэн буудагч, сапер, жолооч, механикч, танкчин гэсэн албан тушаалд гэрээгээр ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн эмэгтэйчүүд ажиллахыг хориглосон мэргэжлүүдийн жагсаалт өнөө хэр байдаг .Энэ жагсаалтад усан цэрэг, цахилгаан галт тэрэгний машинист, хот хоорондын болон улс хоорондын шугмын автобусны жолооч зэрэг 456 мэргэжил багтсан бөгөөд 2000 онд батлагдаж байжээ.

 

НҮБ энэхүү жагсаалтыг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн гэж удаа дараа мэдэгдэж байв. Харин өнгөрсөн онд жагсаалтад орсон мэргэжлүүдийн тоог дөрөв дахин багасгажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин