Б.Саруул: Элэгний В,С, вирусийг харьяа өрх, дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй оношилж байгаа
2020-09-15

 

ХӨСҮТ-ийн эмч, доктор Б.Саруултай ярилцлаа.

 

-Элэгний өвчлөл үүсгэдэг вирусээс манай улсад A,B,C,D,E гэсэн таван төрлийн вирус нь оношлогддог. Эдгээр таван төрлийн вирус ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

 

-Элэгний архаг үрэвсэл үүсгэдэг олон шалтгаан байдаг. Олон шалтгааны зонхилох элэг гэмтээдэг шалтгаан бол элэг гэмтээгч вирусийн халдвар. Дэлхий дээр элэг гэмтээдэг нийт  есөн төрлийн вирус байдаг нь батлагдсан. Үүнээс манай улсад A,B,C,D,E вирусийн халдвар нь оношлогддог. Элэг гэмтээдэг вирус  халдварлах зам нь өөр өөр.

 

Элэгний А вирус:

 

Хүүхэд болон залуу насныхан А вирусийн халдвараар өвчилж  элэгний үрэвсэл цочмогоор өвдөж байгааг А гепатит гэнэ. Энэ нь ихэвчлэн  хүүхэд насанд өвчилдөг ба ахуйн замаар халдварлагддаг бохир гарын халдвар ч гэдэг  2012 оноос Монгол Улсын вируст гепатитын  халдварын бүтцэд өндөр хувь эзэлж байсан. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд А гепатитаар өвддөг байсан гэсэн үг. 2012 оноос элэгний А вирусийн эсрэг вакцинтай болсон. Товлолын дагуу хоёр удаа хийгддэг болсон. Ингэж вакцинжуулж урьдчилан сэргийлснээр А гепатит эрс багассан.

 

Элэгний Е вирус:

 

Ахуйн замаар халдварлагддаг элэг гэмтээдэг  вирусийн халдвар. Манай улсад 2014 оноос цочмог хэлбэрээр бүртгэгдэж байгаа. Цочмог гэхээр  шарлалт бүхий эмнэлзүйн шинж тэмдэг хоолонд дургүйцэх, дотор муухайрч бөөлжих элэг дэлүү томрох, шээс өтгөрөх баас цагаарах зэрэг шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ  Цочмог бүх тохиолдолд  ХӨСҮТ- болон харьяа аймаг орон нутгийн халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

 

Элэгний В,С,D вирус:

 

Цус цусан бүтээгдэхүүн болон В,С,D вирусээр халдварлагдсан багаж хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийгээгүй газруудаас дамждаг ба арьс салст нэвтэлсэн ямар нэг ажилбараар халддаг элэг гэмтээдэг вирусийн халдвар. Халдвар дамжих олон зам бий. Жишээлбэл, шивээс, арьс салстын гэмтэл үүсгэдэг ажилбар, батга шахах, шүдний эмчилгээ, бумба, төөнүүр бүгд орно. В,С,D вирусийн халдвар авбал  цочмог болон архаг хэлбэрээр өвчилдөг. Тухайн вирус цусанд зургаан сараас дээш хугацаанд байвал архаг үрэвсэлд шилждэг. Өөрөөр хэлбэл тухайн хүний цуснаас өөрөө аяндаа  устаж алга болохгүй гэсэн үг. Цочмог хэлбэрээр өвдсөн хүүхэд, залуучууд 85 хувь нь бүрэн эдгэрэх боломжтой. Архаг хэлбэрийн халдварын тархалтыг эрдэмтэд тооцоолон судалсан байдаг.

 

2017 оноос хойш “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрөөр тархалтын хувь хэмжээг вирус илрүүлэх шинжилгээгээр  тогтоох боломжтой болж байна.  Монгол хүний эрүүл хүн амын дундах элэгний В вирусийн тархалт 10 орчим хувь, элэгний С вирусийн тархалт 15 орчим хувь байгаа гэдэг нь эрдэмтдийн судалгааны ажлаас  харж болно.

 

Монгол Улсын хүн амын дунд элэгний өвчлөл өндөр хувийг эзэлдэг  B,C,D вирусийн халдвараас үүссэн элэгний хатуурал болон  элэгний хавдраас  шалтгаалсан  нас баралтаар харамсалтай нь манай улс дэлхийд тэргүүлэх байранд ордог. Элэгний А, вирус элгийг бага гэмтээдгээрээ элэгний архаг үүсгэдэггүй. В,С,D вирус бол архаг халдварт шилжиж удаан хугацаанд элгийг гэмтээснээр сорвижих процесс даамжирч элэгний хатуурал хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй халдвар юм.

 

-Элэгний вирус тоолох нь ямар ач холбогдолтой вэ?

 

-Элэгний вирус тоолох гэдэг нь вирусийн нуклеин хүчлийг ялгаж тусгай  лабораторит мэргэшсэн мэргэжилтэн  хийдэг шинжилгээг хэлдэг. Энэ нь Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу  оношлогоог хийх эрх бүхий лабораторид хийгддэг шинжилгээ ба манай улсад 28 лаборатори бий . Эмчилгээний асуудал шийдвэрлэх чухал шинжилгээ юм. 

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол ач холбогдол нь В,С, вирусийг харьяа өрх, дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй хурдавчилсан тестээр  оношилж байгаа. Хоёрдугаарт, В,С,D вирустэй байвал дараагийн шатанд тоолох шинжилгээнүүд хийгдэж эмчилгээний асуудал шийдвэрлэгдэж байгаа.

 

-В вирусийн эсрэг вакцинжуулалт хэдэн оноос эхэлсэн бэ? Хориглох заалт бий юу?

 

-Элэгний B,C,D вирусийн халдваргүй байвал B вирусээс хамгаалсан Вэсрэг  вакциныг 1990 оноос товлолын дагуу хийж байна. Товлолын дагуу гэхээр нярай хүүхэд бүрд хийгдэж байгаа гэсэн үг. Вакцины хамгаалалт 15 жил байдаг.  Вакцины дараах дархлаа тогтоц нь сайн байвал дахин  В вирусийн вакцинд хамрагдах шаардлагагүй. Хэрэв дархлаа тогтоц суларсан байвал дахин вакцин хийлгэнэ Энэ вакцин маань давхар D вирүсийн халдвараас  хамгаална гэсэн үг. 30-аас дээш насны хүмүүс байвал B,D вирус байгаа эсэхээ үзүүлнэ. Хэрэв B,D вирус илрээгүй тохиолдолд нэг сарын хугацаанд B вирусийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. B вирусийн эсрэг вакцин нь хүүхдийн насанд товлолын дагуу насанд хүрэгчдийнх  дархлаажуулалтын сангаас зохицуулагддаг. ХӨСҮТ болон  дүүргүүдэд аймгийн төвүүдэд  хийгдэж байгаа.  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн ач холбогдол нь аймгийн төвүүдэд В вирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Тиймээс иргэд маань харьяаллынхаа дагуу В вирусийнхаа вакцинд хамрагдана. В вирусийн вакциныг гурван удаа хийнэ. Эхний тун   хийснээс нэг сарын дараа хоёрдахь тунгаа, гуравдахь тунгаа 6 сарын дараа хийлгэнэ.  Өөрөөр хэлбэл гурван удаагийн тунгийн вакцинд хамрагдсанаар 15 жилийн хамгаалалттай болно гэсэн үг. Хамгийн чухал нь вакцинжуулалтын асуудал гэж ойлгож болно.

 

-В, D вирус давхар халдварлах тохиолдол бий юу?

 

-Тийм. В вирустэй  хүмүүсийн 41-67 орчим  хувь D вирусийн давхар халдвартай  гэдэг нь судалгаагаар батлагдсан. В вирусээс хамгаалж байгаа нь D вирусээс давхар хамгаалж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, B вирусийн халдваргүй бол D вирусийн халдвар авдаггүй.

 

Хавдар судлалын үндэсний төвийн статистикийн тоон мэдээнээс харахад Ж.Чинбүрэн эмчийн  мэс заслын багийнхантайгаа хамтарч хийсэн хоёр судалгаа байдаг.Судалгаагаар элэгний хавдартай хүмүүсийн  45-аас дэээш хувь  B,D шалтгаантай нь  тогтоогдсон. Мөн тухайн судалгаа нь хамгийн орчин үеийн арга болох хавдрын эсийн генд судалгаа хийснээрээ ач холбогдолтой  бөгөөд монгол хүмүүсийн   хавдрын тухайд  өвөрмөц гурван гени тодорхойлогдсон нь цаашдын эмчилгээ оношлогоонд маш том дэвшил гарч  ирэх өндөр ач холбогдолтой судалгаа юм.  D вирусийн эмчилгээний асуудал одоо ч дэлхий дээр бүрэн шийдэгдээгүй эмчилгээ. Манай улсын хувьд эмчилгээний удирдамж дээр D вирусийн эсрэг эмчилгээ нь гол нь В вирусийн эсрэг эмчилгээтэй нягт холбоотой байгаа. D вирүсийн хувьд хэрэглэдэг эмчилгээ нь пегилжсэн интерферон буюу тарилгын бэлдмэл байдаг. Энэ эмчилгээ нь гаж нөлөө ихтэй үнийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээний үр дүн тааруу мэргэшсэн эмч хянах шаардлагатай төвөгтэй эмчилгээний тоонд ордог. Одоо эсрэг 2  бэлдмэл / тарилгаар болон эмээр/эмнэл зүйн судалгааны шатанд амжилттай  дуусч байгаа.

 

-С вирусийн вакцин  эсвэл эм бий юу?

 

-С вирусийн эсрэг вакцин гэж байдаггүй. Халдвар авах эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Жишээлбэл, халдвар хамгаалалт сайтай газар эмчилгээ үйлчилгээ авах нэг үгээр хэлбэл нэг удаагийн зүү тариур хэрэглэнэ гэсэн үг. 2015 онд Элэгний С вирусийн эсрэг  шууд үйлчилгээтэй  эм орж ирсэн. Тиймээс С вирус бүрэн эдгэнэ гэсэн үг. Харин С вирусийн халдвар дахин авахаас сэргийлэх нь зүйтэй. 

 

-Элэгний цирроз гэж юу вэ?

 

-Элэгний хатуурлын шалтгаан нь бас элэг гэмтээдэг шалтгаантай адилхан олон янз бий. Дийлэнх хувь нь элэг гэмтээдэг вирусийн халдварууд, хоол ундны буруу хэрэглээ орчин үед химийн найрлагатай удаан нөөцөлж хадгалдаг хоол хүнсний хэрэглээ ихэссч байна  Мөн эмний буруу хэрэглээ, архины хэрэглээг хэт хэтрүүлэх, бодисын солилцооны өөрчлөлт таргалалтаас болсон элэгний цирроз үүсэх нь ч байдаг. Элэгний хатуурал гэдэг бол элэгний архаг үрэвслээ эмчлүүлж хянуулахгүй байснаар олон жилийн дараа элэгний эд эс холбогч эдээр солигдож элэг үндсэн үйл ажиллагаагаа хийж чадахаа больж хүнд эмнэл зүйн олон шинжээр гарч ирж буй хүнд өвчлөл юм.

 

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Нэгдүгээрт, элэг гэмтээдэг вирусийн халдвараас хамгаалах В вирусийн эсрэг вакцинд хамрагдах. Хоёрдугаарт, хэрэв ямар нэг вирусийн халдвартай бол тогтмол эмчийн хяналтанд байх.  Гуравдугаарт, элэг гэмтээх нөхцөлийг багасгах архи болон эмийн зохистой хэрэглээтэй байх.  Дөрөвдүгээрт, хоол ундыг зөв хадгалж аль болох орлуулагч болон хиймэл болон удаан хадгалдаг хоол хүнснээс татгалзах. Тавдугаарт, хүүхдийг товлолын дагуу вакцинд нь бүрэн хамруулах зэргээр хамгаалж болно.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Б саруул:
Баярласанаа илэрхийльe утас нь хэд вэ хүмүүсээ туслаарай
2021-11-10
Иргэн:
Сайн эмч шүү. Ажил үйлсэд нь амжилт хүсье.
2020-09-15
Ondor nastan Oyun:
Bi Itgel gedeg emnelegt tooluulsan ym. Tegsen burus ni baga garsan. Daraahan ni ner buhii emnelguudiin labratoriin shinjilgee buruu barag huchingui ym yriad baisan. Odoo dahiad mongooroo tooluulah hereg uu? Bi em uugaagui baigaa. Ene talaar haanaas medeh be? Minii hariu buruu garaad ondor baisan ym bish baigaa gej sanaa zobj bn
2020-09-15