НЭЭЛТ: Сугар гараг дээр амьд биетийн ул мөр илэрчээ
2020-09-15

 

Эрдэмтэд харийн гараг дээрээс амьдрал олж илрүүлэх гэсэн урт удаан хугацааны эрэлд анх удаа дорвитой эргэлт гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Сугар гарагийн агаар мандлаас амьд бичил биетүүд оршин байж болзошгүйг илэрхийлэх ховор химийн нэгдлийг эрдэмтэд илрүүлсэн байна. 

 

Энэ талаар даваа гаригт Кардиффын их сургуулийн профессор Жейн Гривзийн удирдсан олон улсын эрдэмтдийн баг хэвлэлийн хурал зарлан мэдэгджээ. Харин нээлтийн талаарх нийтлэл Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

ВВС агентлагийн дамжуулснаар, Сугар гараг дээрээс олдсон бодис нь фосфин бөгөөд өнгөгүй, хортой энэ хий байгалийн нөхцөлд тун ховор тохиолддог аж. Дэлхий дээр энэ хийг ихэвчлэн зохиомол аргаар буюу үйлдвэрийн нөхцөлд химийн урвалын дүнд гарган авдаг юм байна. 

 

Түүнчлэн фосфин нь галт уулын идэвхжилт, цахилгаан цахисны дүнд бага хэмжээгээр ялгардаг бол Сугар гараг дээр энэ хийн ихээхэн нөөц илэрчээ. Чухамхүү энэ нөхцөл нь эрдэмтэд шуугиан тарьсан таамаглалаа дэвшүүлэх боломжийг олгосон байна. Учир нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактериудын амьдралын үйл ажиллагааны дүнд тийм хэмжээний фосфин ялгарч болох гэнэ. Одон орончдын өгүүлснээр, тэд фосфин ийм хэмжээгээр агуулагдаж байгааг өөрөөр тайлбарлах нөхцлүүдийг шалгасан ч гагцхүү биологийн гаралтай хий гэдэг нь илүү үнэнд ойр байгааг онцолсон байна.

 

"Бид ердөө л сониучирхан, JCMT шиг хүчирхэг дуран авайн боломжийг туршиж үзэхээр туршилт хийсэн. Сугар гарагийн агаарт амьд организм байр зэрэг хувилбарууд боломжгүй гэдгийг батлах байх л гэж бодсон. Гэтэл Сугар гарагийн агаар мандалд фосфин байгаа анхны шинж тэмдгийг илрүүлсэн нь бидний хувьд цочирдом байлаа" хэмээн профссеор Гривз өгүүлжээ. 

 

"Үнэмшихүйц  баримт"

Сугар гараг манай гарагтай харьцуулахад Нартай 1,5 дахин ойр байдаг бөгөөд энэ гараг дээр амьдралын ямар нэг хэлбэр оршин байхад хэтэрхий халуун гадаргуутай юм. Сугар дээрх дундаж температур Цельсийн 460  хэм халуун, ийм нөхцөлд тугалга ч хайлна.

 

Гэхдээ хэзээ нэгэн эрт цагт гарагийн цаг агаар харьцангуй зөөлөн байсны дээр түүний гадаргуу нь амьдрал үүсгэх боломжтой далай тэнгисээр бүрхэгдсэн байх магадлал өндөр гэж эрдэмтэд үздэг. Гэвч хүлэмжийн хүчтэй эффект /Сугар гарагийн агаар мандал бараг бүхэлдээ нүүрсхүчлийн хийнээс тогтдог аж/ энэ гараг Наранд илүү ойр байх Буд гарагаас ч халуун болж, улмаар Сугар гарагийн далай тэнгис ууршсан байна. 

 

Гэхдээ Сугар дээр агаар мандалд өнөө хэр оршин тогтнож чадсан хэвээр байгаа бичил биетүүд үүссэн гэж эрдэмтэд олон жилийн туршид таамаглаж байжээ. Энэхүү таамаглалыг шалгахын тулд одон орончид Хавайд байрлах хэт улаан туяаны JCMT асар том дурайн авай /гол толины диаметр нь 15метр/-н тусламжтайгаар Сугар гарагийг дэлгэрүүлэн судлаж, дараа нь хүлээн авсан мэдээллүүдээ Чилийн Атакама цөлд байх 45 дуран авайгаас бүрдэх ALMA цогцолборын тусламжтайгаар нарийвчлан шалгасан байна.

 

Сугар гарагийн байнгын үүлэн бүрхүүл байрласан, гадаргуугаас 50-60 км өндөрт эрдэмтэд эрэл хайгуулаа хийсэн байна. Эдгээр үүл нь ихэвчлэн хортой хүхэрлэг хий болон хүхрийн хүчлийн дуслуудаас тогтох ч тэндэхийн температурын нөхцлүүд амьдрал байхад нэн тохиромжтой гэнэ. Чухамхүү энэ үүлэн дундаас ховор хий олдсон бөгөөд эрдэмтэд шаардлагатай тооцооллуудыг хийн, энэ нь фосфин гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ хийн үүслийн шалтгааныг олохоор мөн л махран ажилласны дүнд хий нь бактерийн гаралтай гэсэн илүү магадлалтай дүгнэлт хийсэн байна. 

 

Эрдэмтэд үнэмшихүйц баталгаа олж чадсан гэж үзэж байгаа ч энэ нь одоогоор Сугар гараг дээр амьдрал оршин байж болзошгүйг гэрчилж байгаа болохоос тэнд үнэхээр амьдрал байдаг гэдгийг эцэслэн нотолсон хэрэг биш хэмээн онцолжээ. Тэдний үзэж байгаагаар одоогоор хүн төрөлхтний хараахан мэдэхгүй өөр нэг шалтгаанаар фосфин тэнд үүссэн байхыг үгүйсгэхгүй гэнэ.

 

Энэ таамаглалыг гагцхүү Сугар гараг руу тусгай сансрын ажиллагаа явуулснаар л баталж, эсвэл няцаах боломжтой аж. Ийм сансрын ажиллагааг хамгийн ойрын үед хийхээр төлөвлөсөн улс нь Орос улс бөгөөд Оросын Роскосмосын "Венера Д" төсөлд АНУ, Япон, Европын холбоо оролцох юм байна. Төлөвлөгөө ёсоор ажиллагаанд задгай сансрын хиймэл дагуул, буулгах аппарат болон "жижиг урт хугацааны станц" багтахын дээр 2026, 2028, 2029 эсвэл 2031 онуудаас аль боломжтой үед нь Восточный сансрын буудлаас экпедици хөөрөх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин