"Сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсгэхгүй"
2020-09-15


Намрын сэрүүн орж, бороотой өдрүүд үргэлжилж байна, Улаанбаатарт. Өнөөдрөөс орон сууцны айл өрхүүдийн дулаан, халаалтыг өгнө. Харин гэр хорооллын иргэд шахмал түлшний эрэлд гарч байгаа сурагтай. Учир нь өнгөрсөн жил шахмал түлшийг долоо хоног тутам тодорхой хязгаартай олгосноос зарим гэр хорооллын өрх зутруухан өвөлжсөн талаар гомдол гарч байсан. Тэгээд ч түүхий нүүрсийг тонн тонноор нь авч, өвлийн бэлтгэлээ базаадаг гэр хорооллынхонд долоо хоногийн нормтой, таван шуудай шахмал түлш байшингийн дулааныг алдагдуулж, өрхийн эдийн засагт ч зарлагатай  байгаа талаар шүүмжлэл гарсаар ирсэн. Нийслэлд өнгөрсөн жил агаарын бохирдол буурсан ч гэр хорооллынхон жиндүү өвөлжсөн нь үнэн. 

 

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Энэ жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан гэж мэргэжилтнүүд үздэг. . Нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж, 35.370 айл өрхийг цахилгаан болон бусад эх үүсвэрт, 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 109 аж ахуйн нэгжийн 236 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт  78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулжээ. 2019-2020 оны халаалтын улиралд нийт 524 мянган тонн сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэсэн байна. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулалд 4.0 тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс зарцуулаад байгаа гэнэ. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тонны багтаамж бүхий 5 агуулах, 107 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Одоогоор 57 байршилд агуулах барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн 200 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөөс 162469 ширхгийг айл өрхүүдэд суурилуулсан албаны хүмүүс мэдээлж байна. 

 

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болно

 

2020-2021 оны халаалтын улирал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд Баянзүрх дүүгийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороод нэмэлтээр оржээ.  Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, 1000 борлуулалтын цэг байгуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан түлшийг дүүрэг тус бүрд 60 мянган тонноос багагүй хэмжээгээр нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ 72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлээд байгаа гэнэ.  

 

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн УИХ-ын  Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр хэллээ. Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьж эхэлжээ. 

 

Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлын өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байгаа аж. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж. Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжид 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ.

 

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн. Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болно гэв.

 

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миньяагийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Одоогийн байдлаар хуучин 250 борлуулалтын цэгтэй гэрээгээ байгуулсан, шинэ 600 цэгийн бүртгэлийг хийж байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 81 борлуулалтын цэг ажиллаж байна. Ирэх сарын 01 гэхэд бүх борлуулалтын цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн “Таван толгой түлш” компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ. Борлуулалтын цэг дээр түлшний хомсдол үүсгэхгүйн тулд түлш их хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, шууд нийлүүлэх арга хэмжээг авна. Ингэснээр борлуулалтын цэг дээр айл, өрхөд зориулсан түлш нийлүүлнэ. Том байшинтай айл, өрхийн судалгааг хийж, түлшээр хангахаар ажиллаж байна юм байна. 

 

Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад 13 тэрбум төгрөг зарцуулна

 

Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувийг гэр хороолол, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг дулааны цахилгаан станц, 4 хувийг хог шороо, хөрсний бохирдол эзэлдэг байна. Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад зарим айл өрхүүд түлшийг хэрхэн зөв хэрэглэх, байрны доторх агаарын бохирдлоос хамгаалах, орон байраа зөв дулаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас үүдэн иргэд зарим тохиолдолд угаартах, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ жилээс өвөлдөө эртнээс бэлдэх, эрсдэл гаргахгүй байх үүднээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан “Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүлээд байгаа. 

 

 БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Улсын хэмжээнд жилд 3.4 сая тонн хог ялгардгийн 1.2 сая нь Улаанбаатар хотод байна. Нийт хогийн 10-15 хувь нь хуванцар хаягдал. Хуванцар нь хөнгөн боловч овор хэмжээ ихтэй учраас олон удаа тээвэрлэх шаардлага гардаг. Тиймээс 21 аймаг болон аялал жуулчлалын томоохон бүс, тусгай хамгаалалтын газруудыг уг төхөөрөмжөөр хангаж байна. Байгальд уусдаггүй 200-400 жил болдог хортой хуванцрыг шатаавал агаарт хорт бодис ялгарч улмаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Цаашид хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байна” хэмээв. Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор 13 тэрбум төгрөгийг 8 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. 

 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин