Лукашенко, Путин нарын "хаалттай хаалга"-ы цаадах яриа
2020-09-15

Беларуст Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн давалгаа ид өрнөж байх энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко есдүгээр сарын 14-ний өдөр Владимир Путинтэй уулзахаар Орост очжээ. 

 

Хэвлэлийнхний өмнө хоёр талын хийсэн мэдэгдэл тун богино байсан бөгөөд Путин Беларусыг ойрын холбоотон гэж үздэгээ илэрхийлсэн ч тус улсад үүссэн нөхцөл байдлыг тэд өөрсдөө зохицуулах ёстой хэмээн дахин онцолсон байна.

 

Үүний араас хоёр орны тэргүүн хаалттай хаалганы цаана хэлэлцсэн бөгөөд Сочи хотноо болсон хоёр талт уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлснээр Крмель Лукашенког хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж байгааг цохон тэмдэглэсэн бөгөөд харин Беларус дахь жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэх асуудал яригдсан эсэх талаар хэвлэлийнхэн асуухад "энэ бол хоёр орны харилцааны асуудал биш" хэмээн Песков хариулжээ. 

 

Хүлээлтээс давсан хариу 

 

Даваа гаригийн өглөө Александр Лукашенко Ерөнхийлөгчийн "Боинг" онгоцоороо Минскээс Сочи чиглэн хөөрөх үедээ Владимир Путинээс дэмжлэг авна гэж тооцож байсан ч хүлээлтээс нь давсан хариуг Путин өгсөн хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, Орос улс  Беларуст 1,5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон бөгөөд зээл олгохтой холбоотой асуудлуудыг боловсруулах үүргийг Сангийн яаманд өгчээ.

 

Беларусын улс төр судлаач Валерий Карбалевичийн үзэж байгаагаар дээрх мөнгө нь өмнөх өрийн бүтцийг өөрчлөхөд зориулагдсан гэнэ 

 "Беларусь  Оросоос мөнгө зээлсэн. Харин одоо Беларус хуучин өрөө эргүүлэн төлөхөд зориулан дахин зээл өгч байна. Энэ бол өмнөх жилүүдэд ч гарч байсан байнгын л үзэгдэл. Беларусь 1,5-2 тэрбумын зээл жил бүр авна, ихэнх нь өрийн бүтцийг өөрчлөхөд зарцуулагдана. Гэвч сүүлийн жил хагасын хугацаанд Орос улс зээл өгөхөө больсон, ер нь ч эдийн засгийн татаас өгөхөө зогсоосон юм, учир нь Беларусь Оростой илүү холбоотой байх явдлыг гүнзгийрүүлэх замаар явахаас татгалзсан. Гэвч одоо Минскийн гудамжинд гарч буй эсэргүүцлийн улмаас Москва холбоотондоо дахин татаас өгөхөөс аргагүй болголоо. Энэ мөнгө Лукашенкод нэн чухал" хэмээн тэрбээр ВВС агентлагт ярьсан байна. 

 

Лукашенко Орост Путинтэй уулзах үеэр Оросын Ерөнхийлөгч ийнхүү их хэмжээний зээл олгохоор болсон нь нэн өгөөмөр хэрэг гэж Беларусын улс төр судлаач Александр Класковский үзэж байна. 

 

"Энэ бол дуулиан гэж хэлж болох юм. Гэнэт л ийм өгөөмөр бэлэг ирсэн, Лукашенко өөрөө ч ердөө нэг тэрбум орчим доллар гэж тооцоолж байсан. Энэ бол Путинээс гарч буй дохио, тэр Беларусын Ерөнхийлөгчийг үзэл санаагаар төдийгүй материаллаг байдлаар дэмжиж байгаагаа харууллаа. Нөгөө талаас энэ нь Лукашенкод тамга хөзөр болж байна. Одоо тэр "Москва биднийг дэмжиж, мөнгө хаялаа, бид хаашаа ч явахгүй, энэ хүнд үеийг туулна" гэж ирээд л хүчнийхэндээ хэлэх биз" хэмээн тэрбээр ярьжээ.

 

Ийнхүү Орос өгөөмөр загнасны хариуд Александр Лукашенко юу амалсан нь хараахан тодорхойгүй. Учир нь хоёр талт уулзалт хаалттай хаалганы цаана болсон юм. 

 

Олон шинжээч Путин ийнхүү Беларуст зээл олгохор болсоныг шүүмжилж, энэ нь дотоод улс төрийн хямрал ид өрнөж байгаа үед Александр Лукашенкогийн байр суурийг эрс бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин