Яндангаа хөөлчихөд яах вэ дээ
2020-09-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй. 

 

Монголчууд яндангаа хөөлөхийг заалгана гэхээр хөх инээд нь хүрч байгаа тухай цахим орчинд сэтгэгдлүүд хөвөрч байна. Яндангаа хөөлчихөд буруу юу байх вэ дээ. "Сайжруулсан шахмал түлш" гэх шинэ нүүрснийг буруу хэрэглэж, галлагаа хийхдээ алдаа гаргаснаас, яндангаа хөөлөөгүйн улмаас таталт бөглөрч 15 хүн амь насаа алдсан нь дөнгөж л жилийн өмнөх явдал.

 

Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын 7-нд  шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн үед шахмал түлшээр галласан айлын гурван настай бяцхан хүүхэд угаарын хийд хордож амь насаа алдсан. 

 

Эхэлж байснаа бодоход өнөөдөр сайжруулсан шахмал түлшнийг буруу хэрэглэж угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл цөөрчээ. Гэвч тайвшрах болоогүй. Цагийн эрхээр өвөл дахиад айсуй. 

 

Дулаацахын тулд галаа түлснийхээ төлөө 15 хүн амиа алдсан гашуун сургамж бидэнд бий учраас "Яндангаа хөөлье" гээд байгаа юм. Эмгэнэл илэрхйилж суусан хүнд өдрүүд саяхан тул энэ инээгээд байх зүйл биш. 

 

Улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас сүүлийн 10 жилд 94 хүн угаартаж нас барсан бөгөөд өнгөрсөн онд 2568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, 15 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг нь авч үзвэл зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, түлш буруу түлсэн, яндан намхан, яндангийн сойлт хаасан зэргээс үүдэлтэй байна.

 

Угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 279, байшинд 575, мөн зуухны төрлөөр нь авч үзвэл энгийн зуух 584, төслийн зуух 192, нам даралтын зуух 38, эдгээрээс 261 зуух нь ханан пийшинтэй гэсэн судалгаа байгаа юм.

 

Шахмал түлш дутуу шатсанаас үүдэн угаарын хий дэгдэж байгааг судлаач хэлсэн. Дутуу шаталт зуух болон яндангийн таталтаас үүсч буй тул гэр хорооллын иргэд зуухаа сайжруулах, яндангаа хөөлөх нь үйтэй. Сайжруулсан түлш сайн зууханд бүрэн шатдаг. Хэрэв зуухны битүүмжлэл алдсан, яндангийн таталт муу бол угаарын хий гэр, сууцанд дэгдэх эрсдэл үүсдэг гэдгийг хэлээд л байгаа.  Тэгэхээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах хамгийн энгийн бас хямдхан ер хүндрэлгүй арга нь, өвлийн өнтэй давах боломж нь яндангаа л хөөлөх. 

 

Угаарын хий үүсэх шалтгаан:

 

  1. Нүүрс /түлш/
  2. Зуух
  3. Ядангийн таталт


Иймд иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож, мэргэжлийн байгууллагаас өгч буй аргачлал, зөвлөмжийг дагаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
gehdee anhnii galalgaagaar 30,40 uuruu ugaartaj bna gj bodhoor ....shahmal tulshind yum bna da yah argagui ...eniigee sudalj shinjlehgui yumuu
2020-09-15
ORKUUD , KHUNII TULUU AMIDRAAD BAYNA UU?
2020-09-15