Сугалааны азтан 74 сая доллар авах эрхээ алджээ
2020-09-15

EuroMillions лотоны ялагч хожсон мөнгөө авах эрхгүй болжээ. The Sun сонины мэдээлснээр, гуравдугаар сарын 14-ний өдөр тохирол явагдаж, улмаар Шотландын Саут-Эршир тойрогт амьдрах нэгэн хүн 58 сая фунт /74 сая орчим ам доллар/ хожсон нь тодорхой болсон байна. 

 

Улмаар дөрөвдүгээр сард ялагч шагналаа авах өргөдөл гаргажээ. Ийнхүү өргөдөл гаргахаас гадна тэрбээр лото зохион байгуулдаг газрын офист биечлэн ирж, баримт бичиг бүрдүүлэх ёстой байсан гэнэ. Хонжворыг шалгах, баталгаажуулах ажил нь ихээхэн хугацаа шаардсан ажил бөгөөд энэ ажлын дараа ялагч өөрийн нэрийг олон нийтэд зарлах, эсвэл нэрээ нууцалсан хэвээр үлдэх эсэхээ шийддэг байна. 

 

Ийнхүү ялагч хонжвороо авах хамгийн сүүлийн хугацаа есдүгээр сарын 13-нд дууссан байна. Гэвч хугацаа дуусахаас өмнө хонжворын ялагч офист ирээгүй, ингэснээрээ 74 сая ам.долларыг авах эрхгүй болжээ. Энэ мөнгийг Британийн буяны сангуудад хандивлах аж.

 

Энэ нь эзэн нь гарч ирээгүй жекпотын 11 дэх тохиолдол, мөн эдгээрээс хамгийн өндөр дүнтэй хонжвор гэж The Sun мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин