Т.Баттулга: Түүхэн агшинд нь биш хэзээ хойно босгосон гоо зүйн үзэмжгүй хөшөөгөөр яах юм
2020-09-16

Олон улсын худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч. Мөн олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэл, тэмүүлэлтэй "Лүүк Монголиа" ХХК-ийн захирал Т.Баттулгатай ярилцлаа. Тэрээр бизнесийн удирдлагын чиглэлээр Англи улсад боловсрол эзэмшсэн. Дэлхий дахинд хамгийн их уншигдаж, анхаарал татсан улс төрийн болон, эдийн засгийн зарим номыг орчуулж Монголын уншигчдад толилуулсан. Мөн бизнесийн салбарын хөгжлийн төлөө бодол, оюунаа уралдуулж яваа нэгэн юм.

 

 

-Цар тахлын үед аялал жуулчлалын бизнес зогсонги байдалд орсон гэж ярьж байна. Та салбарын хүний хувьд юу гэж харж байна вэ. Таны бизнес цар тахал ямар нөлөө үзүүлэв?

 

-Аялал жуулчлалыг дагасан бизнес Монгол улсад улирлын шинж чанартай. Коронавирусийн тархалтын нөлөө хамгийн их туссан салбар бол аялал жуулчлал юм. Олон улсын аялал жуулчлал дэлхийд зогссон. Жилд нэг тэрбум гаруй хүн олон улсын аялал жуулчлалд өөрийн улсаас харийн улсыг зорьдог гэсэн судалгаа бий. Энэ хөдөлгөөн өнөө жилийн хувьд зогссон. Он гарах үед буюу хориг тавигдаагүй байхад цөөн хүмүүс аялсан байх.

 

Цар тахлаас болоод олон улсын агаарын тээврийн компаниуд, жуулчдад үйлчилдэг зочид буудлын сүлжээ, олон улсын аялал жуулчлал зохиодог холбогч байгууллага гээд олон компани дампуурлаа. Монголд аялал жуулчлалаас орлого олдог орон нутгийн жуулчны бааз, зочид буудал, гаднаас жуулчин авч аялал зохиодог компаниуд олноороо хүнд байдалд орлоо. Жуулчлалын улирал эхлэхээс өмнө хавар ийм байдалд хүрэх нь ойлгомжтой байсан. Ирэх байсан жуулчдын аялал цуцлагдсан. Хэдийгээр манай хил нээлттэй байсан ч дэлхий нийтээрээ айдастай болсон учир ирэхгүй шүү дээ. Хаа нэг тийшээ явж уулзалт, аялал хийхээс дэлхий нийтээрээ татгалзсан.

 

-Та “Эх орондоо аялцгаая” уриалга гаргажээ. Энэ дотоодын жуулчлал, бизнесийг дэмжих буцаан сэргээх зорилготой байсан уу?

 

-Аяллын улиралд гаднын улсыг зорих боломжгүй үед “Эх орондоо аялцгаая” гэх уриалгыг гаргаж байсан. Эх орноороо аялж, танилцацгаая гэж уриалга дэвшүүлсэн юм. Хөл хорионы үед хүмүүс хийх ажил бага, гадагшаа гарч болохгүй байлаа. Энэ далимд иргэд улс дотроо өмнөх жилүүдээс харьцангуй сайн аялах шиг боллоо. Гадаад улсаас жилд 500 мянга орчим жуулчид Монголыг зорьдог. Энэ жил ирээгүй. Монголчуудын дотооддоо аялсан аяллын тоон судалгаа байдаггүй юм билээ. Үүнийг Аялал жуулчлалын газраас нарийн аргачлалаар гаргаж байх хэрэгтэй. Улаанбаатар хотоос хэчнээн хүн гарч орсноор нь ч тоймлож болно.

 

Аялал жуулчлал нь олон сектороос бүрддэг. Агаарын тээвэр,  авто болон төмөр зам, зочид буудал, аяллын компаниуд зэрэг багтана. Бусад туслах чанартай музей, ардын урлаг шууд оролцдог салбарууд бий. Шууд бусаар буюу туслах чанартайгаар оролцдог жуулчлалаас орлого олдог салбар олон. Захын дэлгүүр, бэлэг дурсгалын бараа, үндэсний урлал, зоогийн газар, унаа үйлчилгээ, даатгалын компани, банк санхүүгийн байгууллага, энгийн малчин зэргийн бүгдийнх нь орлого тодорхой хэмжээгээр хаагдсан. Тийм учраас энэ газруудын ажиллагаа битгий таг зогсоосой гэсэн үүднээс гаргасан уриалга байсан.

 

-Аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх боломж Монголд хэр байгаа вэ?

 

-Монголд аялал жуулчлал улирлын чанартай. Энэ нь манай орны эрс тэс уур амьсгалаас гадна  төрийн бодлогоос хамаардаг. Есдүгээр сар гарчхаар нимгэн хөнгөн хувцастай тухтай аялах боломж хумигддаг. Аялал жуулчлал өөрөө улирлын шинжтэй ч манайд цаг агаар нь хэт эрс тэс учир бүр ч улирлын шинжид автдаг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт, зундаа ахиухан орлого олох хэрэгтэй. Жуулчид ирж болох цагт нь сайн үйлчилж дотоодын орлогоо нэмэгдүүлэх чухал. Хоёрдугаарт, жуулчдын аялал хийх явдлыг улирлаас хамааралтай бус зөвхөн зуны улиралд хэт ихээр төвлөрдөг биш сэрүүний улиралд ч жуулчдыг татах цуглааныг эрэлхийлэн хэрэгжүүлэх юм.

 

-Жуулчдыг улирлын шинжтэй бус бүх цаг үед татаж байх ёстой гэлээ. Ингэж чадвал манай орны аялал жуулчлалыг дагасан бизнес тэнцвэртэй хөгжиж чадах уу? Үүнийг яаж бий болгох вэ?

 

-Жуулчин ирэх шалтгаан болдог зүйлүүдийг болж өгвөл зуны улирлаас бусад улиралд хийх нь зүй санагддаг. Жишээлбэл, долдугаар сард болдог улсын баяр наадмын үе нь аялал жуулчлалын оргил үетэй давхацдаг юм. Зочид буудал, орон байр, онгоцны суудал гээд бүх юм олдохоо больдог. Үүнтэй төстэй соёлын том ажлыг сэрүүний улиралд хийж жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх бололцоог эрж олбол гарц бий гэж хардаг.

 

Цэвэр жуулчдад өөрсдийнхөө соёл урлагийг сурталчилсан томоохон олон улсын фестиваль Монгол орон зохиогоод хийх бололцоотой л доо. Иймэрхүү зүйлс нь чанартай байж чадвал жуулчдын ирэх нэг шалтгаан болж чадна. Хэтэрхий жижигхэн “эвэнт”-үүд нь хүрээ муутай учир жуулчин татахуйц хэмжээнд хүрдэггүй. Дээд тал нь 100 хүн ирдэг жишээтэй. Иймэрхүү үзүүлбэрт цуглаанаас хамгийн алдартай нь Баян-Өлгий аймагт болдог “Бүргэдийн баяр” байх. Үүнийг үзэх гэж 400 орчим хүн ирдэг.

 

 

-Манай улстай адил соёл, уламжлалтай улсууд энэ төрлийн ажиллагааг яаж шийдсэн байдаг юм бол?

 

-Манай улстай адил соёлтой Киргиз улс жил бүр дэлхийн нүүдэлчдийн спортын их наадам гэж зохиодог юм. Тэр нь нүүдэлчин улс орон тэр дундаа төв Азийн үндэстнүүд болон Киргизийг тойрсон Казахстан, Тургистан,Узбекистан, Америкийн Индианчууд, Швед, Норвегийн цаатан овог тэдгээр хүмүүсийн урлаг, спортын наадмын нэгтгэн зохиож олон мянган жуулчдыг татах чуулга уулзалт болгож чадсан.

 

Том бренд гаргаж жуулчин татдаг бусад орны туршлага бий. Манай улсад дэлхийд байхгүй өвөрмөц урлаг соёлын олон үзмэрүүд байлдаг. Үүнийг том их наадам болгож дэгэнд оруулан гадна дотнын хүмүүсийг татвал сонирхолтой. Түүнийг төр, хувийн хэвшлүүд хамтраад хийх хэрэгтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмыг үзэх гэхээр Монголчуудад  ч тасалбар олдоход бэрх шүү дээ. Жуулчдад тасалбар бараг олддоггүй. Хамаагүй өндөр үнээр зардаг ч хангалттай хүрэлцээтэй биш. Наадамтай төстэй олон хүний анхаарлыг татахуйц хэмжээний үндэсний том ажлыг зохиож жуулчныг татаж болно. Манайхан наадам гэхээр хөдөө орон нутагт өөрсдийгөө баясгаж баярладаг. Нэгэнт мөнгө төгрөг үрэн таран хийж байгаа бол орлого оруулах нэг үүдийг нээх хэрэгтэй. Тиймээс энэ талын бодлого зохицуулалтыг тооцоолох чухал. Ямар нэг зүйл хийсэн бол тэр нь эргээд эдийн засгийн ач холбогдлоо өгдөг байх нь алсыг харсан бодлого юм.

 

-Монгол орон байгалийн сайхнаараа гаднын жуулчдыг татаж чаддаг уу?

 

-Жуулчид үзэхээр зорин ирдэг зүйлсийг үзүүштэй, дагшин байдлыг хадгалах чухал. Манайхан онгон байгаль үзэхээр жуулчдын ирдэг гэж боддог. Нэг талаараа түүний сонирхож сонжихоор ирдэг ч Канад, Африкийн орнуудад ан амьтан үй түмээрээ бэлчдэг онгон нутагтай, Европын улсууд, Швейцар, Герман гээд хаана ч онгон дагшин байгаль бий. Яг өнгө төрхийг нь тэр хэвээр нь хадгалж чадсан сайхан газруудтай. Харин манайхан зөвхөн Монголд  тал байдаг юм шиг боддог. Хөвсгөл, Тэрэлж зэргийг төрийн тусгай хамгаалалттай газар гэж дархалсан боловч тэнд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд заасан дүрэм журмыг баримталдаггүй эргээс 100 метрийн бүсийг эрүүл ахуйн бүс гэдэг. Гэтэл 50 метр дотор амралтын газар, хоноглох гэр, сувилал, тав алхмын зайтай гэрүүд гээд л замбараагүй байдал тод харагдана. Байгалийн сайхнаараа ашиг олж орлогоо нэмэх байж байгалиа өөрсдөө бохирдуулдаг. Аялал жуулчлалын суурь татах хүчин болсон энэ газруудаа өөрсдөө устгаад байгаа аж.

 

-Хэнтий аймагт Монголын түүхэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор бүтээн байгуулалтуудыг хийсээр байна. Энэ бүтээн байгуулалтын талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Түрүүн хэлсэн байгалийн сайхнаа устгаад хүн татахааргүй болж эхлэхээр хөшөө дурсгал руу орж эхэлдэг. Хэн ч түүхийн дурсгалын бэлгэдэл гэж босгосон шавар баримлыг үзэхээр ирэхгүй. Түүхийн дурсгал түүх бүтэх үед бий болдог зүйл. Хүмүүс яагаад Египетийн Пирамидыг үзэхээр очдог юм бэ? Учир нь түүхэн байгууламж, тодорхой түүхтэй холбоотой учраас тэр. Тэртээ сүүлд нь дурсгал болгож босгосон гоо зүйн үзэмжгүй хөшөөгөөр яах юм. Дэмий мөнгөний гарз л болно. Монголд түүх бүтэх үед цогцолсон байгуулалт бий. Энэ бол Зайсан толгой юм. Яг түүхэн агшиндаа бүтсэн. Дээрээ Коммунист орны түүхийн дурсгал байдаг. Тэр үеийн Зөвлөлт-Монголын бат найрамдлыг харуулсан хөшөөт цогцолбор юм.

 

Тэндээс улсын нийслэлийг бүхлээр нь харах боломжтой. Дэлхийн зарим хотуудад ийм цэг байдаг. Жишээлбэл Францын Парис хотын Эфлийн цамхгаас хотоо харж болдог. Барселон хотод манай Зайсан толгой шиг мөртлөө хотынхоо хойд хэсэгт өндөрлөг толгой байсныг очиж харж байлаа. Дээрээ гарахад эртний Католик шашны сүмтэй бөгөөд их сонирхолтой. Тэр толгойгоо маш их хамгаалдаг. Түүн дээр гаргахдаа зүгээр нэг нийтийн тээврээр гаргахгүй эрт дээр үеийн вагонд суугаад гарна. Дор хаяж 20-30 евро төлдөг. Алхаад үнэгүй гараад дээрээ мөнгөө төлөөд Барселон хотын харж болно.

 

Улаанбаатар хотод хамгийн чухал нь Зайсан толгой. Тийм байхад тэр толгойгоо ухаж сэндийчээд, наана нь нийтийн үйлчилгээний элдэв юмтай байшин барьчихсан. Тэр байшинг хаана ч барьж болно.  Яармагт эсвэл бусад дүүргүүдийг хөгжүүлье гэвэл хүссэн газраа босгож болох барилга. Хамгийн чухал хотынхоо эргэлийн цэгийг устгаад барьчихсан. Туризм гэдэг зүйл улирлын чанартай, маш эмзэг, өвчин дэлхийд дэгдэхэд хамгийн их хохирол амсаж буй. Манай улсад их ирээдүйтэй салбар ч төр нь үүнийгээ устгаад байдаг.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Э. Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yg goliin olj chelleedee. Zaisan tolgoig bid chamgaalj chadaagui !!!
2020-09-16
Батгол:
яг зөв. Зайсан толгой бол түүхэн агшинд бүрдсэн. тэр үеийн Монголыг харуулж чадсан баялаг. Юм мэдэхгүй нөхдүүд үүний үнэ цэнийг мэдэхгүй буруу бодлого хэрэгжүүлсээр л. уг нь Зайсан толгойг түшиглэж арай өөр юм хийх хэрэгтэй.
2020-09-16
soonii:
xeregtei yria baina bayrlalaa
2020-09-16