Ван И: Хоёр орны харилцаа цар тахлын сорилтыг давж, өргөжин тэлж байна

Манай улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай уулзсан талаарх мэдээллийг Жэнминь Жибао сонин дамжууллаа. Уулзалтын үеэр Ван И Хятад болон Монгол Улс цар тахал эхэлсэн цагаас хойш харилцан туслалцаж, хамтдаа хүндрэлүүдийг давсан хэмээн онцолсон байна.
" Хятадад тахлын нөхцөл байдал нэн хүнд байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай нислэгээр Хятадад айлчилж, Хятадыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Хятадын талд бэлэг болгон 30 мянган толгой хонь өгсөн бол Монголд Хятадад зориулсан хандив тусламж цуглуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байлаа. Хятадын тал мөн л хариу барин, тахлаас урьдчилан сэргийлэх болон хяналт тавих тал дээрх туршлага, мэдээллээ хуваалцаж, эмнэлгийн хэрэгслүүд өгсөн билээ. Хоёр орны харилцаа цар тахлын сорилтыг давж, тахалтай хамтдаа тэмцэх явцад улам бүр өргөжин тэлж байна" хэмээн Ван И мэдэгджээ.
Тэрбээр ийнхүү манай улсад айлчилж байгаа нь цар тахалтай тэмцэхэд Монголын талтай хамтрах хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, "хоёр оронд халдвар байхгүй" гэсэн нөхцөл байдлыг хадгалах, коронавирус дахин дэгдэж болзошгүй байдалд хамтдаа бэлтгэх, бараа солилцох "ногоон хонгил"-ыг ашиглах, өргөжүүлэх, вакцин боловсруулах болон эм бэлдмэл гарган авах салбарт хамтын ажиллагаа тогтоохыг Хятадын тал эрмэлзэж байгаа гэдгийг дэлхий дахинд харуулж буй дохио хэмээн Ван И цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ