Хөргөгч, хөлдөөгч, агааржуулагчийг гэрчилгээтэй инженерээр цэнэглүүлэх нь зүйтэй
2020-09-16

Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг дэлхийн нийтээр Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. БОАЖЯ-наас Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн 35 жилийн ой тохиож буйтай холбогдуулан мэдээлэл /2020.09.16/ хийлээ. 

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Дэлхийн дулаарлын уршиг манай улсад маш хүчтэй нөлөөлж байгаа. Гурван жилд нэг удаа тохиолддог байсан ган жил бүр ажиглагдаж малын бэлчээрийн ургац буурсаар байна" гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо. 

 

 

Озон задалдаг бодисыг хөргөгч, хөлдөөгч, агааржуулагчид хэрэглэдэг. Энэ төрлийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ эрхлэгчид зайлшгүй гэрчилгээтэй эрх бүхий хүмүүс байх ёстой гэдэг зарчмыг дэлхий нийтээр тавьдаг байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг эрхийн үнэмлэхгүй хүн жолоодож болохгүйтэй адил хөргөлтийн засвар үйлчилгээг эрх бүхий хүмүүс гүйцэтгэх шаардлагатай гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна. 

 

Нийслэл хотын гудамжинд автомашины кондейшн цэнэглэнэ гэсэн зарлал олон бий. Гэвч энэ үйлчилгээг үзүүлдэг хүмүүс гэрчилгээгүй тул баталгаагүй. хүмүүс байдаг. Тиймээс гэрчилгээтэй, инженер технигчээр энэ үйлчилгээг хийлгэх нь озоны давхаргыг хамгаалж буй нэг хэлбэр  аж. 

 

Өнөөдөр "Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн 35 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 35 жилийн турш хүн төрөлхтөн озоны давхаргыг хамгаалахын төлөө нэгдэж, тодорхой ахиц гаргаж чаджээ. Тухайлбал 4 сая ам киллометр хэмжээний озоны давхарга нөхөгдсөн гэдгийг НАСА-ийн эрдэмтэд тогтоожээ.

 

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо байгуулагдаад 14 жил болжээ. Энэ холбооны үүрэг нь озонд нөлөөлддөг хөргөлтийн бодис, түүгээр үйл ажиллагаа эрхэлдэг засварчид болон инженер техникийн ажилчдыг зөв дадалд сургах дэлхий нийтэд хориглоод байгаа бодисуудтай хэрхэн ажиллах талаар зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд манай улсад зарагдаж байгаа техник, технологи тэдгээрийг агуулсан хөргөгч бодисууд озоноос гадна хүний амьдралд аюул учруулж болзошгүй байгаа. Тухайлбал бидний хэлж заншсанаар газ /шингэрүүлсэн хий/-г ихэвчлэн хэрэглэх болсноор хөргөгч бодис солигдож байгаа гэдгийг  тус холбооны дарга анхаарууллаа.  


"Мастер Чадамж" сургалт, судалгааны төвийн захирал Ph.D Ш.Энх-Амгалан "Манай төв хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 53 инженер, техникчийг сургалтад хамруулж мэргэжлийн гэрчилгээ олгосон. Мөн CO2 бодистой хөргөлтийн тоног төхөөрөмжийн онцлог, засвар, үйлчилгээний арга барил, аюулгүй ажиллагааны дүрэм зэргээс сургалт явуулж байна" гэлээ. 

 

Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага нь Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг боловсруулж батлах үндсэн нөхцөл болсон юм. Эдгээр гэрээ хэлцүүдэд манай улс нэгдэн орсон байдаг бөгөөд дэлхийн бусад 198 улс орнуудын нэгэн адил озон задалдаг бодисуудыг үе шаттай бууруулж 2010 он гэхэд CFC төрлийн бодисын хэрэглээнээс бүр мөсөн гаргасан бол одоогоор HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд хэрэглээнээс бүрмөсөн гаргахаар үйлдвэрлэл, хэрэглээгээ үе шаттай бууруулж байна.

 

Энэ үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт озон задалдаггүй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай буюу байгалийн хөргөх бодистой техник, технологи, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хэрэглээ эрс нэмэгдэх чиг хандлагатай байна.

 

Монгол Улсад байгальд ээлтэй хөргөх бодисуудын нэг болох нүүрсхүчлийн хий (CO2)-д суурилсан худалдааны хөргөлтийн тоног төхөөрөмжийг одоогоор “М-Си-Эс Кока-Кола” ХХК үйл ажиллагаандаа анхдагч нь болж ашиглаж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хөргөгч хөлдөөгч тогтвортой засах засварлах мэрэгжилийн засварчинг тодорхой бодлогтойгоор бэлтгэж аймгуудад суманд байлгах хэрэгтэй байна даа. Жижиг засвар шаардсан хөргөгч хөлдөөгч монголын бараг бүх айлд байна даа
2020-09-16