Трамп Башар Асадыг хөнөөхөөр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрчээ

Хэдэн жилийн өмнө Цагаан ордныхон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж АНУ-ын Дональд Трамп "Фокс Ньюс" агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Асадыг хөнөөх нь хамгийн шилдэг хувилбар байсан бөгөөд үүнийг гүйцэтгэхэд бүх зүйл бэлэн болсон байсан гэнэ. Гэвч тухайн үед Пентагоныг тэргүүлж байсан Жеймс Мэттис энэ төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн байна.
"Түүнийг устгасан нь дээр гэж би бодож байсан. Бид ч үүнд бэлэн байлаа. Гэвч Мэттис эсэргүүцсэн юм. Мэттис бол маш өндрөөр үнэлэгддэг генерал" хэмээн Трамп өгүүлжээ. Мөн энэ төлөвлөгөөг 2017 онд боловсруулж байсан гэдгийг онцолсон байна.
Энд дуулгахад, АНУ-ын цэргүүд НҮБ-ын мандат болон тус улсын Засгийн газрын ямар ч зөвшөөрөлгүйгээр Сирийн нутаг дэвсгэр дээр өнөөг хүртэл байрлаж байгаа юм. Тэдний гол ажиллагаа нь дайчдыг бэлтгэх, Сирийн газрын тосны орд газрыг тонох явдал гэсэн мэдээллүүд олон улсын хэвлэлээр нэг бус удаа гарч байв.
Эргэн сануулахад, 2011 онд Сирийн нутаг дэвсгэр дээр үүссэн иргэний сөргөлдөөн аажмаар Башар Асадын дэглэмийн эсрэг бослого болон өргөжиж, улмаар бүс нутгийн төдийгүй олон улсын байгууллагууд, цэрэг улс төрийн бүлэглэлүүд болон дэлхийн том гүрнүүд оролцсон олон талт зэвсэгт сөргөлдөөн болох хувирсан юм.
Сөргөлдөгч талууд нь Башар Асадыг дэмжигчид, Сирийн сөрөг хүчин, курдууд болон ислам, жихадын алан хядагч бүлэглэлүүд юм. Эдгээр талууд бусад орнуудаас дэмжлэг авах бөгөөд Засгийн газрын хүчнийг Орос, Иран дэмждэг бол Сирийн сөрөг хүчин Барууны орнуудаас тусламж авдаг. Өнгөрсөн оноос Сирийн нөхцөл байдаал тогтворжих тийшээ хандан, АНУ тэргүүтэй олон улсын эвсэл болон ОХУ цэргийн хүчээ хэсэгчлэн эргүүлэн татаж эхэлсэн. Харин алан хядагчдыг бүрэн хяналтанд оруулсан ч Сири дэх газрын тосны орд газруудыг Исламын улс бүлэглэл эзлэж болзошгүй гэсэн үүднээс Сирийн зүүн хойд хэсэг дэх газрын тосны орд газруудыг хамгаалуулахын тулд цэрэг илгээнэ гэж АНУ 2019 оны 11 дүгээр сард мэдэгдэж байв.
Энэ мэдэгдлийн дараа, АНУ үнэн хэрэгтээ алан хядагчдын савраас хар алтыг хамгаалах биш харин өөрсдөө хууль бусаар наймаалдаг болоод удаж байгаа гэх мэдээллийг Оросын тал нийтэд дэлгэж байлаа. Тодруулбал, Сирийн дорнод хэсэг дэх орд газраас олборлосон газрын тосыг хууль ёсоор экспортлохгүй, харин Америкийн цэргийн болон тусгай албадын дэмжлэгтэйгээр, хар алтыг хууль бусаар хилийн чанад руу зөөгөөд удаж байна гэж Оросын Батлан хамгалахын яам мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ