Тусгаарлалтад байгаа иргэд гаднаас дулаан хувцас авах боломжтой
4 өдөр

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар есдүгээр сар гарсаар зургаан удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Зургаан удаагийн нислэгээр нийт 1554 иргэн эх орондоо ирсэн. Үүнд том хүн 1063, хүүхэд 274, ахмад настан 217 байна.

 

АНУ-аас нэг удаагийн нислэгээр 257 иргэн, БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр 535 иргэн, Хонконг-оос  нэг удаагийн нислэгээр 261 иргэн,  Япон улсаас 263 иргэн, Франкфуртаас нэг удаагийн нислэгээр 238 иргэн  тус тус эх орондоо иржээ.

 

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс бага насны хүүхэдтэй 274 хүн, эрүүл мэндийн шалтгаантай 216, хөгжлийн бэрхшээлтэй 16, ахмад настан 217, жирэмсэн 66, бусад шалтгаантай 766 иргэн эх орондоо ирсэн байна. Татан авалтын 49,2 хувийг бусад шалтгаантай гэсэн ангиллаар ирж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар нийт 2649 хүн тусгаарлалтад байгаагаас Улаанбаатар хотын 31 тусгаарлах байранд  2240 хүн, орон нутгийн 9 цэгт 409 иргэн тусгаарлалтад байна.

 

Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байруудад зар мэдээ түгээсэн. Хүйтэрч байгаа учраас тусгаарлалтад байгаа иргэдийг гаднаас  дулаан хувцас авах боломжийг хангах, нэвтрүүлэх боломжоор нь хангаж ажиллах чиглэл өгсөн. 

 

УОК-ын Шуурхай штаб ЭМЯ, ХӨСҮТ хамтраад орон нутгийн шуурхай штаб, шуурхай багуудаа чадавхжуулах зорилгоор аймаг болгонд сургалт зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэв. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин