"Дрийм" зочид буудалд хяналт шалгалт үргэлжилж байна
2020-09-16

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд  МХЕГ-ын Эрүүл  мэндийн хяналты хэлтсийн дарга Д.Баярболд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр, Есдүгээр сарын 14-ны 22:50 цагт ХӨСҮТ-өөс Мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Дрийм” зочид буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн дунд хоолны хордлого халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Ингээд тухайн өдрийн 23.00 цагаас  эхлэн хяналт шалгалтын ажил хийж байна.

 

Дрийм зочид буудал нь гуравдугаар сарын 31-нээс эхлэн тусгаарлан ажиглах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус буудалд гурван удаагийн хяналт шалгалт хийгдсэн байдаг. Дрийм зочид буудал нь хоёр байртай. Нийтдээ 71 өрөөтэй, 132 ортой үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед халаалт ирээгүй,зарим хоолнууд хүйтэн ирж байгаа талаарх мэдээллийг тусгаарлагдаж байсан иргэд тус буудлын гал тогоонд хүргүүлж байжээ. Хоол үйлдвэрлэлийн хэсэг нь Дрийм 2-р байрандаа байдаг бөгөөд нийт гурван тогооч ажилладаг.

 

Хоолны цэсээ баталгаажуулсан, хоол үйлдвэрлэлийн карттай, хоногт авбал зохих шим тэжээл, эрдэс бодисын хэмжээг тооцож гарган явуулдаг.

 

Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 81 хүн ирж тусгаарлагдсан. Мөн есдүгээр сарын 13-нд 56 иргэн ар гэрээсээ эргэлт авсан гэсэн өгүүлэмжтэй байгаа. Үүнд мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаагаа хийгээд ажиллаж байна.

 

Мөн хоёр байранд нийт 17 ажилтан албан хаагч ажилладаг. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн  нэг хүүхэд  тусгаарлагдан эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй.

 

Хяналт шалгалтаар ундны уснаас нян судлалын шинжилгээ, хоол үйлдвэрлэлийн газраас арчдас, хүний бүтээгдэхүүн, хоолны дээжийг шинжилж байгаа. Тус буудлын хоол үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин