"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бурхны шашныг таниулах нь сайхан байна"
2020-09-16

 

Улс орон бүр өөр өөрийн гэсэн хэлтэйн адил өөрийн дохиотой байдаг аж. Монгол Улсад 2019 оны байдлаар нийт сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоо 8600 орчим гэж Статистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн. Харин энэ 8600 орчим хүнд үзвэр үйлчилгээг дохионы хэлээр хүргэдэггүй, телевизийн мэдээг цөөн суваг дохионы хэлээр хүргэдэг билээ.

 

Олон улсын дохионы хэлний өдөр есдүгээр сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөрт зориулан Чойжин ламын сүм музей Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газартай хамтран “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөгийг санаачилжээ. Энэ үеэр музейн үзмэрийг мэргэжлийн дохионы хэлмэрчид бус Самъяа хийдийн лам, хуврагууд тайлбарлалаа.

 

Самъяа хийдийн лам, хуврагууд энэ өдөрт зориулан нийт гурван сарын турш музейн үзмэрийг тайлбарлахад бэлджээ. Тус хийдийн лам Сүхбат хэлэхдээ “Дохионы хэлийг сурахад гурван сар хангалтгүй. Одоогоор анхан, дунд шатны буюу ойлголцох түвшинтэй. Гүнзгийрүүлээд жилийн хугацаанд сурна. Шашны хэллэгийг хэлмэрчлэх хэцүү, энэ төрлийн дохио байдаггүй учраас үсгээр ярина. Одоогоор үзмэрүүдийг тайлбарлаж чадах хэмжээнд хүрсэн. Цаашлаад бурхны шашныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ойлгуулах, мэдүүлэх нь бидний гол зорилго. Тиймээс багшийнхаа хэмжээнд очтолоо сурна. Би өөрөө дохионы хэлийг сурах сонирхолтой. Энэ өдрийг зохиож хөгжлийн бэрхшээлтэй хүнд бурхны шашныг таниулах нь сайхан байна”  гэлээ.

 

Чойжин ламын сүм музейд үзмэр үзэхээр сонсголын бэрхшээлтэй 100 гаруй хүмүүс цугларчээ. Өдөрлөгийн нээлт эхлэв. Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор “Соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдсанаар түүхэн өв соёл, уламжлалыг бүх нийтэд таниулан, ойлгуулах бодлогын хүрээнд зохиож цаашдаа энэ төрлийн ажлыг дэмжинэ”гэдгээ хэллээ. Зохион байгуулагчид үгээ хэлж дууссаны дараа дуучин МУГЖ Т.Ариунаа мэндчилгээ дэвшүүлж, жүжигчин СТА Д.Ганцэцэг лекц уншсан юм.

 

Нэг сүмд нэг лам оногдон хэлмэрчлэх аж. Лам нарыг тайлбарлаж байх үед нь сонсголгүй иргэд “сайн байна, амжилт хүсье” гэж гараа дээш сагсайлган дохино. Хэлмэрч хийж буй ламаас  тэд “бурхан яагаад ийм урт бас олон гартай байгаа юм бэ” гэвэл  “урт гар нь насны бурхан гэдгийг илтгэдэг. Та урт наслуулж өгөөрэй гэж залбирвал урт наслуулна” гэж дохилцоно. Энэ мэт сонирхсон зүйлсээ асуусаар энэ өдөрлөг үргэлжилсэн юм. Иргэд шашны болоод түүхэн мэдээллийг түгээж буйд сэтгэл баяртайгаар шимтэж, сонирхоно.

 

Үзмэр үзэхээр ирсэн Э.Энхтуяа гэх эмэгтэй “Өмнө нь энэ музейг нэг удаа үзсэн. Гэхдээ зүгээр хараад өнгөрсөн юм. Тайлбарлуулж мэдэж авсандаа баяртай байна. Ийм ажил олон зохиож байгаасай. Өмнө нь үзмэр, үйлчилгээ үзэхийг хүсдэг байсан ч хэлмэрчгүй тул үздэггүй. Хаашаа ч явсан хэлмэрчлэх хүн авч явдаг байсан. Харин өнөөдөр ганцаараа ирсэн” гэж баярласан сэтгэлээ надад хуваалцсан юм.

 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
Z:
Saihan buyantai uils hiijee
2020-09-18
ggg:
их сайхан үйл хийжээ
2020-09-17
ene zaluu barilga deer ajillah heregtei hyalbar argaar mongo oloh hereggui l um
2020-09-17
Sain uils delegeg ee
2020-09-17