Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн газарт хоёр  настай хүүхдүүдийг авна
2020-09-17

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хэвийн горимоор хичээллэхээр болсон. Мөн  хоёр настнууд цэцэрлэгт хамрагдана. Иймд хоёр настнуудын  цэцэрлэгийн бүртгэл, хүүхэд харах үйлчилгээний талаар  БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа.

 

-Хоёр настай хүүхдийн бүртгэл цахимаар явагдах уу?

 

-Есдүгээр сарын 14-ний Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотой  хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг баталж хүргүүлж байна. Мөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах тухай Засгийн газрын тогтоол  гарсан.  Тиймээс хоёр настай хүүхэд  төрийн өмчийн цэцэрлэгт, хувийн цэцэрлэгт, мөн хүүхэд харах үйлчилгээнд аль алинд хамрагдах боломжтой.

 

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар аймаг, нийслэлийн цэцэрлэгт хүүхэд бүртгэх асуудлыг арга зүйн удирдлагаар хангах нь аймаг нийслэлийн боловсролын газрын үүрэг. Цэцэрлэгийн хүүхдийг бүртгэх, хүлээж авах, өдөр тутмын үйл ажиллагааг  арга зүйн удирдлагаар хангах үүрэг нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчид хамаардаг.

 

Хоёр настай хүүхдийн элсэлт бүртгэл, бэлэн байдлын ажлыг энэ долоо хоногт зохион байгуулаад энэ сарын 21-нээс хүлээж авах чиглэлийг аймаг нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу БШУЯ-наас нэг бүлэгт байх хүүхдийн тоо, халдвар хамгаалал, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг зохицуулалтуудыг хийсэн.

 

Цэцэрлэгт халуурсан, ханиадтай, эрүүл мэндийн шалтгаантай хүүхдүүдийг хүлээж авахгүй. Тиймээс эцэг эхийн анхаарал халамж чухал. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, амны хаалт тогтмол зүүлгэх, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зэрэг эцэг эхчүүдийн анхаарал халамж чухал байна. Цэцэрлэгүүд хоёр настай хэдэн хүүхдийг хүлээж авах боломжтой эсэх, тухайн анги танхимын хэмжээ олон зүйлээс шалтгаалдаг.

 

Хэдийгээр хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа ч гэсэн ханиад томууны дэгдэлт эхэлчихсэн байна. Улсын хэмжээнд ханиад томуугаар өвчилсөн хүн амын дунд  0-4 насны хүүхдүүд 70 хувийг эзэлж байгаа. Хоёр настай хүүхдүүдийг авахын тулд хүүхдүүдийнхээ  эрүүл мэндийг хамгаалах асуудал бий. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед таван настай хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт авах чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар  таван настай 13 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт авах арга хэмжээ авч байна. Мөн цэцэрлэгт орж чадаагүй байгаа хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн авах ажлыг үргэлжлүүлнэ.

 

-Хүүхэд харах үйлчилгээ есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл байсан.  Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор энэ сарын 21-нээс хүлээж авахаар болсон гэсэн үү?  

 

-Хүүхэд харах үйлчилгээнд баримталж байгаа зарчим бол хүүхдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн газарт хоёр  настай хүүхдээ авах зорилт тавьж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, холбогдох газрын мэргэжилтнүүд хоёр настай хүүхдийг хүлээж авахаар орчноо бэлдсэн хүүхэд харах төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж байгаа. Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангасан төвүүдэд л эрх олгох ажил хийгдээд явж байна.

 

Хэдэн хүүхэд хамруулах, хэдэн хүүхэд харах үйлчилгээний төв ажиллах гэдгээс илүү хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг нэгдүгээр зэрэгт тавьж байна. Хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгт хоёр настанг энэ сарын 21-нээс авч эхэлнэ.

 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд ямар стандарт шаардлага тавьдаг вэ?

 

-Хүүхэд харах үйлчилгээний стандартыг Засгийн газраас баталсан байдаг. Иргэн тусдаа байранд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулна.  Нэг хүүхэд харагчид таван хүүхэд ноогддог. Хүүхэд харах төвд 15-аас хэтрэхгүй хүүхэд авах ёстой. Бүрэн дунд боловсролтой иргэд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх боломжтой.

 

-Хүүхэд харах үйлчилгээний төлбөр хэд байдаг вэ?

 

-Хүүхэд харах  үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсан. Улсын төсвөөс жил бүр хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг санхүүжүүлдэг. Мөн төрөөс олгож буй зардлын 60 хувиас хэтрэхгүй зардлыг эцэг эхчүүд төлөх ёстой. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төлбөрт 90 хүртэлх мянган төгрөгийг эцэг эхчүүдээс авах боломжтой. Уртасгасан цагаар хүүхдээ харуулах зэрэг олон асуудлаас үүдэн төлбөрийг хүүхэд  харагч, эцэг эхчүүд хоорондоо тохиролцоно.

                                                                                                                                               Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин