Кофе яг мөрөөдөл шиг, гэхдээ...
2020-09-17

-Инстант кофе оффисын ажилтнуудад хортой нөлөөтэй-

 

 

Аагтай шаргал цайгаа амтархан уусаар ирсэн монголчуудын дунд сүүлийн жилүүдэд кофены хэрэглээ нэмэгдэж байна. Кофены соёл, хэрэглээ ихсэхийн хэрээр инстант кофеноос татгалзах хандлага ажиглагдах болов. Захын нэг ТҮЦ-нээс худалдан аваад халуун устай холиод л хормын төдийд уучихаж болох ууттай кофег “найрка” гэх наргиан ч гарсан. 

 

Инстант кофег гурав ангилдаг.

 

Нэг: Инстант кофе хямдхан байх ёстой. Хямд байхын тулд кофенд агуулагдах сүү, сахар зэрэг нь хамгийн хямд байх шаардлагатай. Тиймээс сайн чанарынх биш гэсэн үг. Үр ч мөн адил.

 

Хоёр: Лаазалсан кофенууд буюу бэлэн бүтээгдэхүүн. Хадгалалт зөв байгаа нөхцөлд чанарын хувьд инстант кофенуудаас дөнгүүр байдаг.

 

Гурав: Гранулированный кофе. Энэ нь дээрх хоёр ангилалаас хавь илүү чанартай кофе гэсэн үг. Гэсэн ч үрийн кофенд дөхөж очихгүй.

 

Кофе болон цайнд кафэйн агуулагддаг. Кафэйнийг хэрэглэсний дараа 30-45 минутанд уусч, төв мэдрэлийн системд цочрол өгөн, 3 цагийн дотор үйлчилж дуусдаг байна. Америкийн Хүнс болон Эмийн Удирдах Газар (FDA) болон Эрүүл Мэндийн Ассосиациас (AMA) кафэйнийг хэмжээг нь тааруулж хэрэглэвэл аюулгүй бодис гэж тогтоожээ. Энэхүү хэмжээ нь :

 

бага хэрэглээ: 130-300 мг/өдөр

 

дунд буюу зохистой хэрэглээ: 200-300 мг/өдөр

 

өндөр хэрэглээ: өдөрт 400мг-ээс дээш

 

хүнд зэргийн хэрэглээ: өдөрт 6000мг-аас дээш байна.

 

Кофены кафэйнийг органик болон органик бус гэж хоёр ангилдаг. Инстант кофенд органик бус кафэйнийг ашигладаг байна.

 

Органик бус кафэйн: Хүний биед маш хортой. Хүнд металтай адилхан хүний биед үлдэцтэй байдаг тул биед хуримтлагддаг. Иймд инстант кофе чихэрийн шижин, сахарын өвчин, таргалалт зэрэгт маш хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.

 

Органик кафэйн: Шингэн зүйл уусан даруйд 24-48 цагийн дотор хүний биеэс гадагшилдаг тул хоргүй. Инстант кофе нь органик биш ч гэсэн органик бус кафэйнтэй учраас кофеноос авч болох мэдрэмжийг өгч чадна гэсэн үг.

 

Хүн бүр бие организмийн хувьд өөр. Кафэйнд мэдрэг хүн байхад мэдрэг биш ч харшилтай хүн байна. Хүний биеийн тогтолцооноос хамаарч нөлөө өөр өөр байх боломжтой. Гэсэн ч инстант кофе тодорхой хэмжээний сэргээш өгдөг. Инстант кофены хамгийн түгээмэл нөлөө нь кофе уусны дараа хэсэг хугацаанд сэргээд 1-2 цагийн дараагаас нойр хүрч эхэлдэг. Уг нь кофе уусны дараа нойр сэргэдэг. Тиймээс үүнийг гаж нөлөө гэж кофены мэргэжилтнүүд үздэг байна. Европын орнуудад холын замд явж байгаа жолооч нарт инстант кофе хэрэглэхийг хориглох журам ч яригдаж байсан.

 

Италийн кофены их сургуульд инстант кофег оффисын буюу хөдөлгөөн багатай ажил эрхэлдэг хүмүүст маш хортой гэж үзсэн. Хөдөлгөөн ихтэй хүмүүст хөлрөх зэргээр биед орж байгаа бодисуудыг шингээх буюу шатаах процесс ихээр явагддаг учраас ийм ажилтай, амьдралын хэв маягтай хүмүүст хор нөлөө нь бага. Харин оффисын ажилтнуудын хувьд хөдөлгөөн багатай учраас хортой бодисууд хуримтлагдаад бодисын солилцоо хурдан явагдахгүй гэсэн үг. Улмаар суугаа ажилтай хүмүүст инстант кофе олон өвчний шалтгаан болж байна гэж үздэг байна.

 

Сайн чанарын кофег хэрхэн таних вэ?

 

Кофены гол гол үзүүлэлтүүд бий.

 

Нэгд: Анхилам үнэр. Кофе сайхан үнэртэй байх ёстой.

 

Хоёрт: Үзэмж. Кофе 100 хувь мэдрэхүйтэй холбоотой зүйл учраас хүн кофег хардаг, үнэрлэдэг, амсдаг. Тийм учраас үзэмж чухал.

 

Гуравт: Экспрессогийн хувьд кофены өрөмний тогтоц чухал. Хэт их өрөмтэй кофе байвал муу чанарын кофены шинж тэмдэг. Эсрэгээрээ өрөмгүй байвал мөн муу кофены шинж.

 

Эцэст нь мэдээж амт чухал. Амтны хувьд түлэнхий байх ёсгүй. Түлэнхий болоод гашуун амт кофены үндсэн амт биш. Зарим кофег уусны дараа аманд тэр чигтээ гашуун оргидог. Мөн хэт зөөлөн, үхмэл амттай байх ёсгүй.

 

Та хямд, хэрэглэхэд хялбарыг нь бодоод инстант кофе худалдаж авдаг уу? Эсвэл үрийн кофе худалдан аваад цаг гарган чамбай чанаад хэрэглэж байна уу? Аль нь ч байлаа гэсэн аяга халуун кофе амьдралд амт, амжилтад хүч нэмдэг гэдгийг аль нэг эрдэмтэн батлаагүй ч сэтгэл сэргээж бүхий л зүйл бүтчих шиг санагдуулах нь бий.

 

Ер нь кофе яг л мөрөөдөл шиг...

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин