ОХУ-ын орлогоо нэмэх төлөвлөгөө: Тамхины татварыг нэмж, чинээлэг иргэдээс татвар авна
2020-09-17

ОХУ-ын Засгийн газар ирэх он болон ойрын гурван жилийн төсвийн төслийг бэлтгэж дуусчээ. Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед болон цаашлаад улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа тул улсын орлогыг нэмэгдүүлэх үүднээс татварын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна. 

 

Чинээлэг иргэдэд татвар ноогдуулна 

Лхагва гаригт Оросын Засгийн газар авч хэлэлцсэн хуулийн төслүүдийн нэг нь чинээлэг хүмүүст 15 хүртэлх хувийн орлогын албан татвар ноогдуулах тухай байв. Энэ хуулинд зааснаар жилд таван сая рублиэс /монгол мөнгөөр 174,5 сая төгрөг/ дээш хэмжээний орлоготой хүмүүст энэхүү татварыг ноогдуулах аж. Одоогийн хуулиар Оросын иргэд орлогын төвшнөөс үл хамааран бүгд 13 хувийн орлогын албан татвар төлдөг юм байна. 

 

Шинээр санаачилсан хуулинд, бүх орлогод биш гагцхүү таван сая рублиэс давсан орлогод дээрх татварыг ноогдуулах гэнэ. Зөвхөн ийм татвар авч эхэлснээр ойролцоогоор 60 тэрбум рублийн орлого төсөвт орно гэж тооцоолжээ.

Чинээлэг хүмүүсээс хураасан татварын орлогын зарим хэсгийг хүнд болон ховор өвчинтэй хүүхдүүдийг эмчлэх, өндөр үнэтэй эм бэлдмэл худалдан авах, сэхээн амьдруулах тоног төхөөрөмж, эм бэлдмэл авах түүнчлэн өндөр технологийн үйл ажиллагаа явуулахад зарцуулна гэж хуулийн төсөлд тусгажээ. 

 

Тамхины татвар нэмэгдэнэ 

Төсвийн орлогыг нэмэхийн тулд Оросын Засгийн газар тамхины онцгой албан татварыг нэмэх санаачилга гаргажээ. Татварын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тамхин бүтээгдэхүүн болон электрон тамхинд ноогдуулах онцгой албан татварыг 20 хувиар нэмэхээр заасан байна. Ирэх жилээс энэ төрлийн татварыг ердөө дөрвөн хувиар нэмнэ гэж тооцоолж байсан ч ийнхүү шинэ төслөөр 20 хувиар нэмэхээр болжээ. 

 

"Онцгой албан татварын хэмжээг төлөвлөгөөт бусаар нэмэхээр болсон нь цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн нөхцөл байдалд төсвийн зардал өссөн энэ үед төр нийгмийн хариуцлагаа биелүүлэх нөхцлийг хангах юм" хэмээн Сангийн яам мэдэгдсэн байна. Шинэ хууль батлагдсанаар төсөвт жилд 600 тэрбум рублийн орлого олно гэж тооцоолжээ. 

 

Энд дуулгахад, 2020 оны нэгээс наймдугаар сар хүртэлх хугацаанд Оросын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын орлого  372 тэрбум болсон байна. Харин нийт жилийн дүнгээр 586,5 тэрбум рубльд хүрнэ гэж тооцоолжээ. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт 

 

Ерөнхий сайд Мишустиний өгүүлснээр  бусад төсвүүдийн талаар ч хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг техник хэрэгслээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж буй хувиараа хөдөлмөр эрхлэгч болон компаниудад ноогдуулдаг албан даатгалын шимтгэл төлөх хөнгөлөлт, анхан шатны болон өндөр технологийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх нөхцлийг хэвээр хадгалахаар тусгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манайд ч гэсэн өндөр орлогтой хүмүүсээс нэг хэсэг хугацаанд татвар авмаар л байх юм
2020-09-17