Ирэх даваа гарагаас сургуулийн автобус үйлчилж эхэлнэ
2020-09-17

 

Нийслэлийн боловсролын газраас хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

 

-Боловсрол шинжлэх ухааны сайдын "Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар болсон. Үүнтэй холбоотой цэцэрлэгийн цахим бүртгэл есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдана. Эцэг эх асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа "Цахим элсэлт" -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр  зохион байгуулагдана. 

 

Цахим бүртгэл элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр есдүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана. 

 

Сургуулийн автобус нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус есдүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ.

 

Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ. Нийслэл хотоос хүүхдийн 200 автобус авахаар бэлтгэл ажил хийж байна. Энэ жил эхний ээлжид 75 автобус арваннэгдүгээр сард ирэхээр байгаа гэв. 

 

Дашрамд дуулгахад ,нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182  хүүхдийн автобус үйлчилгээнд гарч сурагчдад үйлчилнэ.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
тулга:
цэцэрлэгт хүрээлэнгийн чиглэлд сургуулийн автобус явуулаач ээ. хотын төв рүү ганц явдаг автобус нь #63. тэр нь 30-40 минут болж байж нэг ирнэ. хичээл эхлэх тарах үеэр 60-70 хувь нь сурагчид байдаг, баянмонгол хороололд ирээд л хоосон шахуу болдог. #63 чиглэлийн автобусаа хуучин маршрутаар нь явуулж болдоггүй юм уу. шинэ гүүр даваад цэнгэлдэхээр 2 тойрог хийж 2 цаг түгжирч байхаар энхтайваны гүүрээ даваад гүүрэн догуураа ороод шууд чигээрээ явахад их амар байсан
2020-09-17