Ж.Ганзориг: Нөхөн сэргээлтэд сэтгэл гаргавал байгаль өмнөхөөсөө илүү сэргэдэг
2020-09-18 08:20

 

Байгаль орчны “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээ үргэлжилж, нийслэлд эвдрэлтэй газрын хэмжээг гаргажээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригтой ярилцлаа.

 

-Нөхөн сэргээлтийн тооллого хийгдсэн. Мэдээлэл өгөхгүй юу?

 

-Улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогчоор удирдамжаа батлуулаад Нийслэлийн байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 10 хүртэл нийслэлд ажлаа явуулдаг хайгуулын 89, ашиглалтын 178, хүчингүй болсон 45 лицензүүдэд шалгалт хийсэн. Нийт 7441 га талбай хамрагдсан. Үүнээс эвдэгдсэн 1220 га, олборлолт хийгээгүй 70 аж ахуйн нэгж байсан. Нөхөн сэргээлтийн талбайд 45, дүйцүүлэн сэргээсэн 10 аж ахуйн нэгж байлаа. Нөхөн сэргээлтийг тодорхойгүй нээсэн 22 аж ахуйн нэгж байв. Дүйцүүлэн сэргээлтийн улмаас барьцаа хөрөнгийг авдаг. Үүнд төвлөрсөн 52 аж ахуйн нэгжийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө бий. Шүүхийн шийдвэрт маргаантай 27 аж ахуйн нэгж шилжсэн.

 

-Энэ тооллогодоо үндэслээд нөхөн сэргээлтээ эхлэх үү?

 

-Гүйцэтгэлийн тайланг есдүгээр сарын 25-ны шалгалтаар хийнэ. Өнгөрсөн хугацаанд хууль ёсны дагуу мэдэгдэл, нөхөн сэргээх үүргийг нь сануулж, гарын үсгээр нь баталгаажуулсан. Есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 5-ны хооронд 10 хоногийн хугацаатай дахин самнаж, зөрчилтэй аж ахуйн нэгжийг илрүүлж, арга хэмжээ тооцно. Үүний дүн мэдээг Засгийн газарт хүргүүлэхээр ажлын хэсгийн үүрэг бий. “Нөхөн сэргээлт 2020”-ийг үр дүнтэй ажил болгоход төвлөрч буй юм.

 

-Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийг илрүүлнэ гэлээ. Ямар төрлийн зөрчил их гардаг вэ?

 

-Зөрчлийн хувьд нэлээдгүй бий. Уулын болон менежментийн төлөвлөгөөгөө батлуулж байж тухайн газраа ажиллах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжийн нэлээдгүй хэсэг уулийн ажлын төлөвлөгөөг батлуулаагүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу ажлаа хийгээгүй, зориулалтын бус газрыг ухсан асуудлууд бий. Үүнээс гарсан үр дүнг арилгахаар албан ёсны мэдэгдэл өгдөг. 10-р сарын 5-15 хооронд 10 хоног гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Үүгээр зөрчлүүд дэлгэрэнгүй гарч хууль ёсны байгууллагад хүргэгдэнэ.

 

-Аж ахуйн нэгжүүд зөрчил хэр их гаргадаг вэ?

 

-Ер нь зөрчил их гардаг. Тухайлбал, сорчилж ухах буюу аль ашигтай талбай руу дайраад, төлөвлөгөөгөөр батлуулаагүй талбай руу орсон тохиолдлууд бий. Энэ бүгдийг болиулахын төлөө энэ ажлуудыг хийдэг юм.

 

-Нөхөгддөггүй баялгийг ашигласан тохиолдолд буцааж баялгийг яаж үүсгэдэг юм бэ?  Тухайлбал, хайрга.

 

-Уулын хайрга, дайрга бол нөхөгддөггүй баялаг. Ухаад авчихдаг ч оронд нь юугаар ч орлуулж болохгүй. Элс шороо нь бүгд борлогдоод явчихдаг. Энэ тохиолдолд дүйцүүлэх ажлыг хийнэ. Байгаль орчин менежментийн тухай төлөвлөгөөний дагуу мод, зүлэг тарих зэрэг байгальд ээлтэй зүйлээр орлуулан дүйцүүлнэ гэж заасан.

 

-Эвдсэн эзэн нь тодорхойгүй, цаг үе нь өнгөрчихсөн эвдрэлтэй газрын нөхөн сэргээх ажлын зардал хаанаас гаргадаг вэ? Энэ газруудад нөхөн сэргээлт хийх үү?

 

-Нийслэл хот шинэ хот биш. Олон арван жил хөрс, талбай нь ашиглагдаж бидэнд ирсэн. Социализмын үед лиценз гэж байгаагүй учраас сүйтгэгдсэн газрууд нэлээдгүй. Ийм газар одоогийн байдлаар 22 тоологдлоо. Сонгино хайрханы зүүн тал, урдуур гээд байгаа. “Нөхөн сэргээлт 2020”-ийн гол утга учир үүнд төвлөрсөн. Эзэнгүй талбайг тогтоож, нөхөн сэргээх асуудлыг дээд шатны байгууллагуудад тоог нь гаргаж, ирэх оны төсөвт суулгах, эдгээр газрын нөхөн сэргээх асуудлыг хөндөх нь бидний үүрэг.

 

-Нөхөн сэргээлт хийх шаардлагатай газрыг тогтоочихлоо. Нөхөн сэргээлтийг нь хэзээ хийх вэ?

 

-Хуулиараа тухайн жилийн 12 дугаар сарын 1-нд хүлээж авна гэдэг. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж хоёр ангилдаг. Техникийн нөхөн сэргээлт нь ухаж, ундуй сундуй болсон газрыг түрж тэгшлэх, хонхор гүдгэр болсон газрыг цэгцтэй болгох ажлууд байдаг. Энэ ажлууд одоо эхэлсэн.

 

Биологийн нөхөн сэргээлт нь мэргэжлийн байгууллагаар цөөрөм, зүлгэ, мод суулгадаг. Энэ нь дулааны улиралд хийгдэнэ. Харин одоо сэрүүний улирал учраас эдгээрийг хийвэл үр дүнгүй учраас үе шаттайгаар хийх юм.

 

-Нөхөн сэргээлтийг хийсэн ч буцаад өмнөх шигээ байгаль сэргэж чадах уу?

 

-Олон улсын жишгээр нөхөн сэргээнэ. “Монполимет” групп Заамарт үнэхээр гоё нөхөн сэргээлт хийсэн байна лээ. Хуучин онгон төрхөөс нь илүү сэргээж чадсан.  Би энэ чиглэлээр Солонгос, Хятад улсад туршлага судалсан. Дээр үеийн музейд нэг балгасны зураг байсан. Тэр зурган дээрх газарт очоод гайхсан. Танигдахгүй болтол сэргээдэг юм билээ. Байгалийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хийхэд ямар ч үед байгаль сэргэдгийн баталгаа шүү дээ.

 

Манайхан хариуцлагатай, сэтгэл гаргаад, хууль эрх зүйн цоорхойг ашиглахгүй байвал сайхан  болох боломжтой. Тэр улсуудын  жишээн дээрээс бас “Монполимет”-ийн Заамарт хийсэн нөхөн сэргээлтээс харахад байгаль ямар ч тохиолдолд сэргэдэг гэдгийг харуулж байгаа юм. Хамгийн гол нь сэтгэл гарган ажиллах чухал. Нөхөн сэргээлтийг сайн хийлгэхийн тулд нөхөн сэргээлтийн улсын уралдаан болдог. Харин үүнд сүүлийн хэдэн жилүүдэд “Монполимет” тэргүүлсээр байна.

Х.Баяржаргал

Shuud.mn
Сонин хачин
ggg:
нөхөн сэргээлтээ сэтгэл гаргаад хийчхээсэй тэр компаниуд нь баялгийг нт хэргэлэсэн юм чинь сайхан сэргээхэд яах вэдэ
2020-09-18