Т.Ням-Очир: Теле хичээлийг зогсоож, цахимд байршуулна
2020-09-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нарын албаны хүмүүс оролцов.

 

 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

 

-Бүх шатны боловсролын байгууллага энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбоотой багш, сурагчдын ачааллыг харгалзан теле хичээлийг телевизээр дамжуулахыг түр зогсоож байгаа. Харин сурагч, эцэг эх, багш авч ашиглах болохуйцаар цахим орчинд байршуулна. Мөн аравдугаар сарын 01 хүртэл өмнөх агуулгыг бататгах хичээл зохион байгуулахаар төлөвлөж арга зүй, зөвлөмжийг сургуульд хүргүүлсэн.

 

Мөн өнгөрсөн хичээлийн жилд зайны сургалт урт хугацаагаар орсонтой холбогдуулан уралдаан тэмцээнийг сургууль, орон нутгийн түвшинд  зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа.  Энэ нь хичээл сургалтын үйл ажиллагаа хурдан хугацаанд хурдан хугацаанд хэвийн байдалд шилжүүлэхтэй холбоотой.

 

Түр журамд тусгасан зарим заалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг дагах, амны хаалт зүүх, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг хэвээр байна. Энэ зөв дадлын хэвшүүлэхэд эцэг эх олон нийтийн оролцоо чухал. Хүүхдийн хичээлийн хэрэгслийн хэрэглэгдэхүүн, сургалтын материалыг сайн бэлдэж, хүүхэд хоорондоо солилцохгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин