Д.Сарангэрэл: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс болгоно

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт баригдаж байгаа түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Аялал жуулчлалаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарна. Олон улсын IT тэргүүлэх аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар дэлхийн аялал жуулчлал 2021 онд сэргэх төлөвтэй гэсэн. Жуулчдын Монгол Улсыг хайх хайлт нэмэгдсэн. Хүн амынхаа дунд халдвар тархаагаагүй давуу тал бий. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас өгсөн мэдээллээр “Covid-19” гарсны дараах жуулчдын сэтгэл зүйн хандлагад судалгаа хийжээ.
Аль болох халдварын голомт гараагүй улсад түлхүү аялах хандлагатай учраас бид халдварыг тархаахгүй байж чадвал 2021 онд аялал жуулчлалаар ахиц гаргах боломж бүрдэнэ. Монгол Улсын Засгийн газар хөтөлбөртөө анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарласан. Монголын төр аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжих зорилготой аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч бүх талаар нь дэмжиж ажиллана. Энэ хүрээнд аялал жуулчлал зочлох үйлчилгээний чиглэлээр 16 мянган хүнээ бэлдсэн байя. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Энэ жишээгээр ажиллахаар төлөвлөлөө.
Кофег хэрхэн, яаж амттай хийх вэ сургалт Улаанбаатар хотод бус үндэсний хэмжээнд 21 аймагт зэрэг эхэлнэ. Манай улс олон улсад аялал жуулчлалын үйлчилгээгээр хангалтгүйд үнэлэгддэг. Тиймээс энэ үйлчилгээг чанартай болгоход анхаарч буй юм. Энэ үйлчилгээг сайжруулахын тулд бүх салбарын оролцоо чухал. Тухайлбал, хил гаалийн салбарынхан жуулчидтай сайхан харьцах, инээмсэглэхээс эхэлнэ. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс болгох төлөвлөгөөтэй.
2019 онд бид 577 мянган жуулчин хүлээн авсан. Энэ тоог ирэх дөрвөн жилд нэг саяд хүргэх том зорилт тавьж байна. Энэ нь ажлын байрыг олноор нь бий болгох, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үр өгөөж бий. Аялал жуулчлалын салбар ажлын байрыг ихээр бүрдүүлдэг салбар одоогийн байдлаар 80 мянган ажлын байрыг бүрдүүлсэн. Энэ тоо коронавирустай холбогдон 30 мянгаар буурсан хэмээв.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ