Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцууллаа
2020-09-18 13:30

 

ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланг албан ёсоор танилцуулах арга хэмжээ болж, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра тайлангийн монгол, англи хэл дээрх хувилбарыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд гардууллаа.

 

Тайланг боловсруулахад хамтран ажилласан ЮНЕСКО-ийн Боловсролын ирээдүй, инновацын хөгжлийн газрын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Кэйт Холмес тайланг боловсруулсан үйл явцын талаар, ЮНЕСКО-ийн Боловсролын бодлогын хэлтсийн дарга Гван Чол Чанг тайлангийн үр дүн, гол зөвлөмжийн талаар, олон улсын зөвлөх Лийдсийн их сургуулийн профессор Каролин Даер, үндэсний зөвлөх, “Тэгш таван ухаан” ТББ-ын тэргүүн Н.Нэргүй нар тус тус товч илтгэл танилцууллаа.

 

 

Энэхүү тайланг боловсруулах санаачилга 2018 онд тавигдсан. 2018 онд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго 4 – Боловсрол 2030” сэдэвт үндэсний зөвлөгөөнөөр тэргүүлэх чиглэл, зорилт, шалгуур үзүүлэлт, бодлого, үйл ажиллагааг авч хэлэлцсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Үндэсний зохицуулалтын механизмыг бий болгосон юм.

 

Боловсролын чанарыг дээшлүүлэх зорилтыг Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичигтэй уялдуулан гаргасан байна. Тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг Монгол улс авч хэрэгжүүлэхэд бүх түншүүдийн нягт хамтын ажиллагаа, түүний дотор яамд хоорондын, салбарын, төр-хувийн хэвшлийн, хөрөнгө оруулагчид, донор байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг оролцогч талууд онцоллоо. 

Эх сурвалж: БШУЯ 

Shuud.mn
Сонин хачин