"Номын баяр-2020": Үзэсгэлэнд 500- 200 мянган төгрөг хүртэлх үнэтэй номнууд дэлгэгджээ
2020-09-18


“Номын баяр 2020” аян нийслэл хотын төв талбайд эхэллээ. Гадаад болон дотоодын шилдэг ном, товхимол, мэргэжлийн сурах бичгийг худалдаж буй бөгөөд 500 төгрөгөөс эхлэн 200 мянган төгрөг хүртэлх үнэ бүхий ном үзэсгэлэнд дэлгэгджээ. Мөн номын зохиогчид өөрийн нэрээр хаягласан асартаа гарын үсгээ бичин дурсгал болгож байгаа юм.

"Номын баяр" аяны албан ёсны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 19-ний Бямба гарагт болох аж. 

Номын худалдаа Сүхбаатарын талбайд нийтдээ гурван өдөр үргэлжилнэ. Хэдий хөл хориог цуцалсан ч орох хэсгийн хоёр гарцад халуун шалгаж, гар ариутган халдвар хамгааллын дэглэмийг баримталж байна.

"Номын баяр" руу орохын тулд биеийн халуунаа хэмжүүлэн, гараа ариутгана. 

"Номын баяр-2020" аяны хүрээнд уншигчдын сонирхлыг татах, урамшуулах үүднээс сугалаат худалдаа зохион байгуулахын дээр цахим номыг ч танилцуулж байна. 

 "Номын баяр"-ын үеэр зурагт дүрслэгдсэн цахим төхөөрөмжтэй хэсэгт очин цахим ном үнэ төлбөргүй суулгуулж болно. Нэг суулгасан байхад хэзээ ч ашиглах боломжтой. 

 

“Номын баяр-2020” аяны нээлт есдүгээр сарын 19-ний өдөр болно. Мөн номын баяраар эдгээр есөн төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
·         Номын үзэсгэлэн худалдаа
·         "Ном бид хоёр" бүх нийтийн хөдөлгөөн,
·         Ном солилцоо
·         Зохиолч уншигчдын уулзалт
·         Сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр,
·         Шинэ номын танилцуулга,
·         Уран уншлага
·         Номын баатруудын театрчилсан тоглолт
·         Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль номын үйлчилгээ

 "Нью-Йорк Таймс"-ын бестселлер буюу борлуулалт өндөртэй, алдартнуудын тухай  цуврал ном болох "Тэр хэн бэ?" ном өнөөдөр нээлтээ хийж байна. 

"Номын баяр-2020" аянд оролцож буй "МОНЦАМЭ" агентлагийн асарт  "Хүмүүн бичиг" улсын уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Мөн энэ асраар зочилсон хүн бүрт монгол бичгээр хэвлэгдэн гардаг "Хүмүүн бичиг" сонины өнгөрсөн дугааруудыг үнэгүй тарааж байна. 

Ном зохиолын хуучин хэвлэлийг хайж, унших сонирхолтой уншигчид бий. Та тэдний нэг бол энэ асрыг зориорой. Энд худалдаалагдах номны үнэ 500 төгрөгөөс эхэлж байна. 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин