Игорь Моргулов: Монгол Улс ШХАБ-ын гишүүн болохоор шийдвэл ОХУ дэмжинэ

Есдүгээр сарын 21-ний даваа гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Нямцэрэнгийн Энхтайвантай Москва хотноо хэлэлцээ хийнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайдын Оросын нийслэлд хийж буй айлчлал нь тус улсад долдугаар сард шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойших анхны гадаад айлчлал гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна. Хоёр орны ГХЯ-ны тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, тээвэр дэд бүтэц, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарууд дахь хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулна гэж ТАСС мэдээллээ. Түүнчлэн 2021 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын арга хэмжээний төлөвлөгөөг сайд нар хэлэлцэнэ гэж онцолжээ.
Найрамдлыг бэхжүүлэх
Монгол Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нарын гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах бичиг солилцохоор төлөвлөж байна. Ийнхүү солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд шинэ гэрээ нь 1993 оны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг орлон, хоёр орны хоорондын харилцааг өндөр түвшинд, хугацаагүй бэхжүүлэх юм.
Оросын гадаад бодлогод Монгол руу чиглэсэн бодлого тэргүүлэгч чиглэлийнх гэдгийг Москва онцолсон байна. Хоёр талын харилцаа уламжлалт, сайн хөршийн харилцаа бөгөөд олон жилийн найрамдлын түүхтэй, эдийн засаг болоод хүмүүнлэгийн салбар дахь уламжлалт харилцаан дээр тулгуурлаж байдаг гэдгийг Оросын ГХЯ онцолжээ.
Монгол Улсын шинэ Засгийн газар Орос улстай хамтын ажиллагаагаа нэн тэргүүнд цааш үргэлжлүүлэх, хоёр талын харилцаа холбоог бүх талаар идэвхжүүлэх бодлого барьж байгааг мөн цохон тэмдэглэжээ. ТАСС агентлагийн дамжуулснаар, хоёр тал худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн дотор эрчим хүч, уул уурхай, тээвэр дэд бүтэц болон бусад салбар дахь хамтарсан төслүүдийг боловсруулахаар төлөвлөсөн гэнэ. Тэр дундаа Улаанбаатар дахь ДЦС-ын шинэчлэлд Орос улс оролцоно гэдгийг эх сурвалж онцолжээ.
Олон талт хамтын ажиллагаа
Москва, Улаанбаатар олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа юм. Хоёр тал Монгол болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргахад хялбар байх нөхцлийг бий болгох, түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэгдсэн Евразийн эдийн засгийн комисс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцааны хоёр талт ажлын хэсгийн хүчин чармайлтыг дэмжиж байгаа. Евразийн эдийн засгийн комиссын мэдээллээр, худалдааны таатай нөхцөл бүрдүүлснээр Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хоорондын худалдаа 250 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой гэнэ.
Орос-Монгол-Хятад гэсэн механизм ч ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн ТАСС цохон тэмдэглэжээ. 2014 онд Душанбед гурван талт анхны дээд хэмжээний уулзалтын үеэр энэ форматыг бий болгосон бөгөөд Хятад руу Оросын хийг нийлүүлэх маршрутыг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах нь гурван талт хамтарсан төслүүдийн нэгд багтаж байгаа юм.
Орос улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчийн статустай байдаг Монгол Улсыг энэхүү байгуулллагын ажилд цаашид идэвхтэй оролцохыг дэмждэг. Түүнчлэн Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэж Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ