Сэтгэлээ шингээн урласан "цор ганц" бүтээлүүд
2020-09-21 09:24

 

Ээжийн эсгэж оёж байгаа дээлний даавууны өөдсийг цуглуулж бээлий, хормогч,  цүнх гээд л цор ганц өөрийн загварын бүтээлийг хийдэгсэн. Ингэхдээ хажуу айлын хүүхдүүдэд хачин гоё, чи зүүвэл ёстой гоё харагдаж байна гэж рекламдаж байгаад л дуртай таван чихрээр зарчихдаг овсгоотой байлаа. Өөрөөр хэлбэл даавуу, торгоны өөдсийг нийлүүлж загварлаг бүтээл хийж болно гэдгийг мэддэг  гэсэн үг. Гэсэн ч жилээс жилд ингэж тоглох нь багасаж нэг л мэдэхэд хөх зүү хөндлөн хатгаж чаддаггүй нэгэн болчихжээ. Даавууны өөдсөөр бүтээл хийж болно гэдгээс ч төсөөрчиж.

 

Харин фэйсбүүк хуудаснаас  “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх  Зүймэл даавуун урлалын төвөөс зохион байгуулж буй хамгийн анхны зүймэл урлалын гадаа талбайн өдөрлөг болох талаар мэдсэн юм. Ингээд үзэсгэлэнг зорилоо.

 

Зүймэл урлалын гадаа талбайн өдөрлөг “Өгөөж” ХХК-ийн  урд талын 39-р байрны сагсны талбайд болж байлаа. Аравч, дарсны уут, гал тогооны хэрэгсэл, цүнх, үдшийн цүнх, гацуурхан дэр гээд л олон төрлийн бүтээл дэлгэгдсэн байв. Үзэсгэлэнгийн бүтээлүүд  цор ганц дахин давтагдашгүй. Мөн үзэсгэлэнгийн талбайн голд оёдлын машин тавьсан байх бөгөөд  бүтээл хийх сургалтад суух боломжтой аж.

 

“Шинэ замнал" ТББ-ын дэргэдэх  Зүймэл даавуун урлалын төвийн захирал Ц.Сэлэнгэ:

 

-Манай байгууллага үүсгэн байгуулагдаад 16 жил болж байна. Зүймэл урлалын чиглэлээр АНУ болон бусад улс орнуудад жил бүр үзэсгэлэн зохион байгуулагддаг. Манай байгууллага тус үзэсгэлэнд ч оролцож байлаа.  Цар тахлын энэ үед ажилгүй олон хүн байгаа. Торго даавууны өөдөс, гарын доорх материалыг ашиглан бүтээл хийж болдог гэдгийг харуулж, санаа өгөхийг  зорьсон. Хайртай дотны хүндээ заавал үнэтэй бэлэг гэлтгүй зүймэл торго, даавуунаас бүтсэн цор ганц бүтээлийг  бэлэглэх боломжтой. Энэ үзэсгэлэнд 50 нэр төрлийн бүтээл дэлгэгдсэн. Бид бүтээлээ багаараа хамтран хийдэг. Гадаадын жуулчдад бараа бүтээгдэхүүнээ худалддаг байсан ч энэ жил коронавирус цар тахлын улмаас худалдан авалт муудсан.  Мөн их дэлгүүрт гал гарахад бүтээлүүд маань шатчихсан. Бид бараа бүтээгдэхүүн борлуулсан мөнгөө сургалт болон бүтээлдээ зориулдаг. Гэсэн ч цаг үе хүнд хэцүү байгаа ч шантрахгүйгээр бүтээлээ хийсээр л байна. Манай байгууллагаас  зорилтот болон зорилтот бус сонирхогчдод сургалт зохион байгуулдаг. Ингэхдээ зорилтот бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй.  Мөн “Монгол гэр” кофе шоп нээгээд хоёр сар болж байна.   Олон хүний сэтгэл шингэж урласан цор ганц бүтээлийг та бүхэн үзэсгэлэнд ирснээр хямдралтай үнээр авах боломжтой гэлээ.

 

Иргэн Г.Солонго:

 

-Анх удаагаа үзэсгэлэн үзэж байна. Биднийг багад ээж маань зүймэл даавуун олон сайхан бүтээл хийдэг байсан. Энд маш сайхан бүтээлүүд дэлгэгджээ. Хэд хэдэн зүйл худалдан авлаа. Мөн сургалтад нь сууж бэлгэнд өгсөн япон даавуугаар нь  жижиг ч гэсэн бүтээл хийлээ. Бараа бүтээлүүд нь хямдарсан үнээр борлуулагдаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн бүтээлийг худалдаж авах боломжгүй бол  яагаад санаа авахаар ирж болохгүй гэж. Гэрийнхээ жижиг авдарт байгаа даавууны өөдсөөрөө гал тогооны хэрэгсэл хийнэ дээ гэж бодож байна. Загварыг нь харчихлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Зүймэл урлалын гадаа талбайн өдөрлөг өнөөдөр ч мөн болно. Олон хүний сэтгэлээ шингээж урласан бүтээлийг үзэх, санаа авах худалдан авах боломжтой. 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ямар сайхан юм бэ....уран ажилсаг бүсгүйчүүдэд амжилт хүсье
2020-09-21