Шахмал түлшний үнэ нэмэгдээгүй
2020-09-21

 

Намрын сэрүүн хэдийнэ орж шөнөдөө хасах хэмтэй болжээ. Хүйтний эрч эхэлсэн тул орон сууцны айлууд дулаанаа аваад бараг шувтарлаа. Харин гэр хорооллынхон галлаж, дулаанаа нөөх хэрэгтэй. Сайжруулсан шахмал түлшний худалдаа одоогоор тогтворжоогүй бололтой. Дэлгүүрт зогсож байтал “Түлш зардаг уу” гэж асууж харагдана.

 

Сайжруулсан шахмал түлшний талаар Баянгол дүүргийн иргэн Б.Баяр “Түлш олдохгүй хэцүүхэн л байна. Хотын төв хэсэгт амьдарч байгаа тулдаа л шахмал түлш худалдаалдаг цэгүүдийг олж түлшээ авлаа. Төв газар ховор байхад хотын захын айлууд гал түлэхгүй байгаа даа гэж бодогдох юм. Нэг айлд зургаан шуудай сайжруулсан шахмал түлш оногддог хэвээрээ. Энэ хэмжээг нэмнэ гэж горьдсоор л. Нэмэгдүүлэхгүй бол энэ өвлийн тачигнасан хүйтнийг өнөтэй давахгүй биз. Өнгөрсөн жил зургаан шуудай түлш долоо хоногийн таван өдөрт нь хүрэлцдэг. Хоёр өдөрт нь галгүй хонодог байсан. Гэрээ давхар дулаалж хучсан ч долоо хоногоо базаагүй. Энэ жил тоогоо нэмээсэй” гэж ярилаа.

 

Сайжруулсан шахмал түлшний талаар “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа

 

-Сайжруулсан шахмал түлш худалдах цэгийг 1000 хүргэнэ гэсэн. Одоогоор хэчнээн цэгүүдэд худалдаалагдаж байна вэ?

 

-Шахмал түлш борлуулах цэгийн тоог 1000 хүргэнэ гэсэн зорилттой. Одоогоор 191 цэгтэй гэрээ хийсэн учраас энэ цэгүүддээ түгээлтээ хийж байна.

 

-Нэг айлд ногдох сайжруулсан шахмал түлшний хэмжээ хэзээнээс нэмэгдэх вэ?

 

-Одоогоор нэг айлд долоо хоногийн хэрэгцээнд зургаан шуудай сайжруулсан шахмал түлш оногдоно. Өнгөрсөн жилийнхтэй адил. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороод түлшний гарц нэмэгдээд ирэхээр нэг өрхөд оногдох сайжруулсан шахмал түлшний хэмжээ яригдана.

 

-Түлш борлуулах захын цэгүүдээ нэмэгдүүлж байгаа юу?

 

-Хаана борлуулах цэг шаардлагатай байна тэр бүрт цэг нэмнэ. Одоохондоо борлуулалт хийж байгаа 191 цэг бий. Аль болох төв зам дагуу, зорьж очихгүйгээр зам дагуу явахдаа авч болохоор газруудад цэг нэмсээр байна.

 

 -Шуудай шахмал түлшний үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

 

-3750 төгрөг. Өнгөрсөн жилийнхээс үнэ нь нэмэгдээгүй.

 

-Нэг цэг өдөрт хэчнээн тонн нүүрс авдаг вэ?

 

-Янз бүр. Одоогийн байдлаар нэг цэгт өдөр 5-10 тонн түлшийг захиалдаг.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
ggg:
ашгүй дээ
2020-09-21