Их Британи: Тусгаарлалтын журам зөрчвөл 10 мянган фунтээр торгоно
2020-09-21

Их Британийн Засгийн газар COVID-19 вирустэй холбоотойгоор өөрийгөө тусгаарлах журмыг зөрчсөн этгээдүүдэд ноогдуулах торгуулийг 10 мянган фунт стерлинг / shuud.mn: монгол мөнгөөр 33,8 сая төгрөг/ болгон нэмэгдүүлэхээр болжээ. Энэ торгуулийн хэмжээ есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үйлчлэх аж. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, эхний удаад 1000 фунтын торгууль ноогдуулах бөгөөд журмыг зөрчсөн давтан тохиолдол бүрт торгуулийн дүн өсөх юм байна. Коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан ч хоёр долоо хоногийн хөл хорионд байхаас удаа дараа татгалзсан хүмүүст торгуулийн дээд хэмжээг ноогдуулах гэнэ. Түүнчлэн зургаагаас дээш хүн цугларахыг хориглосон журмыг зөрчсөний төлөөх торгуулийг одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлж, 1000 фунт хүртэл нэмэхээр болжээ.

 

Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол өсч байгаатай холбогдуулан иргэдийн сахилга батыг дээшлүүлэх үүднээс дээрх торгуулийг ноогдуулахаар болсон бол шинээр авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээнд иргэдээ дэмжих заалтууд ч орсн байна. Тухайлбал, бага орлоготой этгээдүүдэд 500 фунтын нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ.

 

Энд дуулгахад, Британид коронавирусийн хоёр дахь давалгаа эхлэж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон баасан гаригт мэдэгдэж байлаа. Гэсэн ч эрх баригчид "нөхцөл байдлыг хяналтдаа авсан" гэж тэрбээр онцолж байсан юм. Их Британид цар тахал дэгдсэнээс хойш  394 мянга бүртгэгдсэн бол 41 777 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин