Оросын COVID-19 вирусийн эм худалдаанд гарчээ
2020-09-21

Коронавирусийг эмчлэх шинэ эм болох "Арепливир" Оросын эмийн сангуудаар хэдийнэ худалдаалагдаад эхэлжээ. "Инновацилаг эм" хэмээн тодотгосон энэ бэлдмэлийг хэрэглэснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр аюулт өвчнөөс гурав хоногийн дотор эдгэрэх боломжтой гэж Вести агентлаг мэдээлжээ. Энэ бэлдмэлийг богино хугацаанд боловсруулан гаргасан, мөн худалдаалах үнийг тогтоосон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт л гэхэд зөвхөн эмнэлгүүдэд эмчийн хяналтан дор хэрэглэгдэж байсан энэ эмийг өнөөдөр эмийн сангуудаас авах боломжтой болжээ. Коронавирусийг эмчлэх шинэ эмийг 12320 рубль буюу монгол мөнгөөр тооцвол 426 мянган төгрөг орчмын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа гэнэ. Эм үйлдвэрлэгчид эмийн үнэ өндөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч инноваци эм, маш богино хугацаанд бүтээгдсэн, өндөр үр дүнтэй тул гарган авахад асар их зардал гардаг гэдгийг онцолжээ. 

 

"Гурван сарын дотор "Арепливир" эмийг гарган авч, ийм үр дүнтэй бэлдмэлийг боловсруулахын тулд бид хүн болон санхүүгийн нөөцийг дээд зэргээр дайчлахаас аргагүй болсон. Тиймээс л энэ бэлдмэл ийм үнэтэй байгаа юм. Гэхдээ бид эм бэлдмэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллана" хэмээн "Проммомед" эмийн компани мэдэгджээ.

 

Компанийн мэдэгдсэнээр, өдөрт 70-200 мянган рублийг төсвөөс гаргаж байгаа эмнэлгийн зардалтай харьцуулахад дээрх эмийн үнэ харьцангуй хямд гэнэ. 

 

"Халдвар авсан хүн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, амбулаториор л эмчлүүлчихнэ. Тухайн хүн өөрийн хүч, хөрөнгийг төдийгүй цар тахалтай тэмцэхэд зориулж буй төрийн хөрөнгийг хэмнэнэ" гэж "Биохимик" компанийн гүйцэтгэх захирал Дмитрий Земсков өгүүлжээ. 

 

"Биохимик" компани нь "Арепливир" эмийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ компанийн үйлдвэр анх 1960-аад онд ЗХУ-д анхны антибиотикуудыг боловсруулах бааз суурь болон байгуулагдаж байсан гэнэ. 

 

"Арепливир" эм вирусийн үржлийг зогсоож, дахиж вирус үүсэх боломжийг нэг мөр хааснаар гурван өдрийн дотор хүн бүрэн эдгэрэх боломжтой гэнэ. Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tv-eer harsan tanilzuulj baihiig ...haldvar avanguut shuud uuhad 8-10 zagiin dotor virus bied tarahiig shuud zogsoodog gej baina lee tegeheer busad ed erhtend noloolj ayul bolohoos sergiileh ni
2020-09-21