Хууль, зүй Дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд /2020.09.21/ мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян "УОК-оос иргэдээ татан авахтай холбоотой энэ оны хоёрдугаар сарын 21-нээс буюу улсын хилийг хааснаас хойш 22400 гаруй иргэнээ татан авчээ. Өнөөдөр 48 улсаас 10400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан байна. Ойрын өдрүүдэд таван нислэгээр 1000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байгаа. Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 312 болсон. Үүнээс 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч 10 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Мөн улс орны бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрт ажиллах нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн ажилтнууд олон улсын тендер шалгаруулалтын журмаар шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг тусгай төлөвлөгөөний дагуу баримт бичгүүдийг үндэслэн татан авч байна.
Тухайн аж ахуй нэгж байгууллагаас гаргасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь тусгаарлах байрыг гарган үе шаттай зохион байгуулж байгаа. Хил нэвтэрмэгц шинжилгээнд хамруулаад цагдаагийн хамгаалалтан дор тусгаарлах байр руу тээвэрлэж байна. Тээвэрлэх явцдаа зогсолт хийхгүй зэрэг тусгай горимоор үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэж мэдээллээ.
ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн "Монгол Улсын хилээр зөвхөн УОК, Засгийн газрын шийдвэрийн дагуу иргэдийг шалган нэвтрүүлж байна. Хил хяналтын байгууллага шалгаж, хянахгүйгээр хууль бусаар иргэдийг нэвтрүүлсэн зэргээр байгууллагын үйл ажиллагаа, хилчдыг гүтгэсэн үйлдэл гарч байна. Үүнийг шалгуулна" гэв.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр "Энэ онд Монгол Улс руу нэвтрэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоо эрс багассан. Энэ онд хилийн боомтууд хаалттай байснаар орж ирэх иргэдийн тоо эрс бага байгаа. Үүнийг дагаад Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Виз мэдүүлж байгаа хүмүүс УОК-ийн шийдвэр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын зохих шаардлагыг хангасан хүмүүс нэвтэрч байгаа. Хилээр нэвтэрч буй хүмүүс манай байгууллагын хяналтад байгаа" гэлээ.
Уншиж байна |