Энэтхэг: Таж-Махал ордон нээгдэв
2020-09-21 16:22

Коронавирусийн цар тахлын улмаас хаагдаад багагүй хугацааг үдсэн Таж-Махал ордон болон зарим дунд сургуулиудыг нээсэн талаар Известия мэдээллээ. 

 

"Цар тахлын улмаас зургаан сар хаалгаа барьсан Таж-Махал даваа гаригт дахин нээгдлээ. Хүмүүс хоорондын зай баримтлах болон бусад сэргийлэх арга хэмжээг мөрдөн, XVII зууны түүхэн дурсгалт газар үзэгчдийг хүлээн авахад бэлэн" хэмээн Таж-Махал ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Моголын хаан Шах-Жахан болон түүний эхнэр Мумтаз-Махалын бунхнууд байх гол бунхан руу нэг удаад таваас дээшгүй хүн оруулах гэнэ. Мөн өдрийн туршид хамгийн дээд тал нь 5000 хүн хүлээн авахаар хязгаарлалт тогтоожээ.

 

Дэлхийн хоёрдугаар дайн болон 165, 1971 онуудад Пакистантай дайтах үеэр хаагдаж байсан ч "Хайрын бунхан" ийм удаан хугацаанд хаагдаж байсан түүхгүй гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Таж-Махал ордноос гадна зарим дунд сургуулиуд хичээллэж эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн ахлах ангийнхан танхимаар хичээллэхээр болсон ч эцэг эхчүүд хүүхдээ төдийлөн сургуульд явуулах дургүй байгаа гэнэ. Хичээл нээлтээ хийсэн өдөр багш нарын 50 хувь нь ирсэн бол нэг ч сурагчгүй байсан гэж нэгэн сургуулийн захирал мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Энэтхэг улс коронавирусийн халдварын тоогоор АНУ-ын араас дэлхийд хоёрт орж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 5 487 580 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 4,3 сая эдгэрч 87,9 мянган хүн нас баржээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Таж махалыг бариулсан хаан бол манай төмөр хааны удам шүү
2020-09-22