Найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь аз жаргалтай болгодог гэдгийг судлаачид тогтоожээ
2020-09-22

Гэр бүлийнхэнтэйгээ биш харин найз нөхөдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь хүмүүсийг илүү аз жаргалтай болгодгийг  АНУ-ын Өмнөд аргазүйн их сургуулийн сэтгэл судлаачид тогтоожээ. Гэхдээ үүнийг шууд ойлгож болохгүй, бүх зүйл зугаа цэнгэл болон үүрэг хариуцлагад зарцуулж буй цагаас хамаарна. Сэтгэл судлаачдын шинэ судалгааг Journal of Personality and Social Psychology сэтгүүл дээр нийтэлжээ. .


"Ойр дотны харилцаатай байх нь хүний суурь хэрэгцээ бөгөөд энэ хэрэгцээ хангагдвал аз жаргал, таатай уур амьсгал бүрддэгийг өмнөх судалгаанууд харуулдаг байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар хос болон гэр бүлийн гишүүдтэй харилцах нь дэмжлэг үзүүлэх, асрах тойлох шаардлага гардгийн улмаас сэтгэлзүйн хувьд дарамт болдог нь харагдаж байна" хэмээн судалгааны зохиогчид онцолжээ.

 

Ингээд судлаачид хүмүүс гэр бүл болон найз нөхөдтэйгээ зарцуулж буй цагаа хэрхэн үнэлдэг, үнэхээр найзуудтайгаа цагийг өнгөрүүлснээр аз жаргалтай болдог эсэхийг тогтоохоор судалгаа хийжээ. Судалгаанд 400 гаруй хүн оролцсон байна. Тэднийг найз нөхөд эсвэл гэрийнхэнтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодож, тухайн үед юу хийж байснаа санан, энэ цаг хугацаанд сөрөг болон эерэг сэтгэл хөдлөл гарч байсныг 0-6 оноогоор дүгнэхийг хүсчээ.

 

Судалгааны дүнгээр, гэр бүлийнхэн бол хостойгоо хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн бага оноо авсан бол найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн цагаа дурссан оролцогчдын тавьсан оноо их байсан гэнэ. Гэхдээ энэ нь харилцаанд биш харин аливаа хүмүүстэй харилцах үеэрээ юу хийж байсанд гол учир нь байгаа гэдгийг судлаачид онцолжээ. Хүмүүс найзуудтайгаа цагийг хөгжилтэй, сонирхолтой байдлаар өнгөрүүлдэг бол хүүхэд, гэр бүлтэйгээ байхдаа гэрийн ажил болон халамж анхаарал тавих шаардлагатай зүйлсийг олон хийдэг учраас дээрх дүн гарсан гэдгийг судлаачид онцолсон байна. 

 

"Дурлалт хос эсвэл хүүхдүүдтэйгээ харилцахдаа эерэг байх боломжийг бүрдүүлэх нь нэн чухал. Гэрийн ажил, хүүхэд асрахаас өөр зүйлгүй гэр бүлийн харилцаа тийм ч их аз жаргалыг авчирдаггүй" хэмээн сэтгэл судлалын профессор Нэйтан Хадсон өгүүлжээ.

 

Мөн оролцогчдоос гагцхүү таатай үйл явдлуудыг дүгнэхийг хүсэхэд найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлсэн мөчүүдийн үнэлгээний хооронд төдийлөн зөрүү гараагүй байна. Өөрөөр хэлвэл, хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ ч найз нөхөдтэйгээ ч зугаацах нь адилхан таатай байсан гэж дүгнэжээ.

 

Ямартай ч, гэр бүл болон найз нөхөдтэйгээ харилцах нь нэн чухал, ганцаардал зүрхний шигдээс, бусад шалтгаанаар нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж Германы эмч нар анхааруулдаг юм. Германы эмч нар 4000 гаруй ахмад настанд ажиглалт хийснээр, нийгмийн харилцаагүй байх нь зүрх судасны өвчлөлийн эрсдлийг 44 хувиар нэмэгдүүлдэг бол бусад шалтгаанаар нас барах эрсдлийг 47 хувиар нэмэгдүүлдэг байна. 

 

Сэтгэл судлаачид нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан хүмүүсийн бүлэгт дурлалт хосгүй, найз нөхөдгүй, түүнчлэн улс төр, шашин, олон нийт, спорт эсвэл мэргэжлийн байгууллагад харьяалагддаггүй хүмүүсийг багтаадаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, биеийн идэвхгүй, боловсрол болон орлогын түвшин доогуур, тамхи татдаг болон депресст амархан ордог эмэгтэйчүүд нийгмийн харилцаанаас тусгаарлагдах хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
yugaa bicheed eliireed bgaa elii ve ene odoo
2020-09-22